Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаа нар сэтгүүлч, хэвлэлийг ҮЗЭМЖЭЭРЭЭ торгосоор байх уу?!

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар манай улсад Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан “Гүтгэх” тухай зөрчлөөр нийт 374 зөрчил бүртгэгдэж, 57 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 118 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулаад байгаа юм.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-т заасан гүтгэх, доромжлох тухай заалттай холбоотойгоор сэтгүүлч, редакц, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн эрх ашиг цаашлаад олон нийтийн мэдэх эрх зөрчигдөж байгаа жишээг бид олон харж, үүний талаар салбарынхан удаа дараа ярьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ.

Эдгээр ээлжит хэлэлцүүлгийн нэг, Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс зохион байгуулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь сэдэвт дугуй ширээний ярилцлага” өнөөдөр зохион байгуулагдсан юм.

Энэ удаагийн уулзалтад сэтгүүлч, редакц, хуульч болон олон улсын хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл оролцож, хувийн туршлагаасаа хуваалцан сонирхолтой хэлэлцүүлгийг өрнүүлж байна. 

Энэ удаагийн уулзалтын талаар Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Хэвлэл мэдээллийн Зөвлөл Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тулгарч буй бэрхшээлийн талаар дуу хоолойгоо нэгтгэн ажиллаж ирсэн.

Хэвлэл мэдээллийн салбарынханд тулгарч байгаа "гүтгэлгийн" асуудлыг зөвхөн цагдаа нар шийдээд, торгууль ногдуулах бус шүүгч нар ч мөн шийдвэр гаргахад оролцож, хэргийг хянах шаардлагатай байгаа юм. Энэ үүднээс бид шүүгч болон сэтгүүлч нарыг хамруулсан, илүү өргөн ойлголт, мэдээллийг түгээх зорилгоор сургалт, уулзалтыг зохион байгуулж байна. Ингэснээр хуульд оруулах өөрчлөлтийн хувилбарыг илүү өргөжүүлэх боломж гарч ирдэг" хэмээлээ.

Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагууд хамтран Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, зөвлөмж боловсруулан Хууль зүй дотоод хэргийн Яаманд хүргүүлээд байгаа юм.

 
Гэрэл зургийг: MPA.mn

 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан энэхүү уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ "Зөрчлийн тухай хуулийн 6.21-ийн "Гүтгэх" тухай заалтыг өөрчилж, бие даасан зохицуулалттай болох боломж нөхцөл байдал хууль эрх зүйн үүднээс хараахан бүрдээгүй байна. Харин Иргэний хуулийг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нийцүүлэн шинэчлэх боломж байна" гэлээ.

Харин цаашид:

  • Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг сэргээхийг тууштай эсэргүүцэх,
  • Иргэний хуулийг үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нийцүүлэн шинэчлэх,
  • Гүтгэлгийг цагдаа бус шүүх шийддэг болгохоор Зөрчлийн тухай хуулийг өөрчлөх,
  • Шүүх үндсэн эрхэд нийцүүлэн хуулийг тайлбарлах, тохирохуйн зарчмыг хэрэглэх,
  • Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага тус зөрчлөөр буруутгагдвал өмгөөлөгч авах, шүүхэд гомдол гаргаж сурах,
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл өөрийн бие даасан зохицуулалтыг хөгжүүлэх зэрэг алхмыг одоогоор хэвлэл мэдээллийн салбарынхан гүйцэтгэх боломжтой байгааг О.Мөнхсайхан багш онцоллоо. 

Мөн хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчид өөрсдөдөө тулгарч буй зөрчлийн хэргүүд болон эрх мэдэлтнүүд энэ хуулийг хэрхэн ашиглаж байгаа тухай хэлэлцүүллээ. Тухайлбал, “iNews.mn” сайтын сэтгүүлч Ц.Булганзаяа УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг "Утсан хүүхэлдэй" гэж бичсэнийхээ төлөө торгуулсан тохиолдлыг сэтгүүлч, судлаачид шүүмжлэн ярилцлаа. Энэ мэт Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх хүний үндсэн эрх зөрчигдөж байгаа тохиолдолд асуудлыг Үндсэн хуулийн шүүх буюу манайхаар Үндсэн хуулийн цэцэд хандаж шийдүүлэх ёстой гэж Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце зөвлөж байв. 

Гэвч манай Үндсэн хуулийн цэц өнөөдрийг хүртэл эрх нь зөрчигдсөн иргэний асуудлыг хүлээн авч хэлэлцдэггүй байдал нь Үндсэн хууль дахь хүний эрхийн үндсэн заалтуудыг хэрэгжүүлэх боломжийг хааж байгаа талаар О.Мөнхсайхан багш нэмж хэллээ. 

Гэсэн ч олон нийтийн мэдэх эрхэд халдаж буй энэ үйл явдлыг таслан зогсоохын төлөө сэтгүүлчдийг тууштай нэгдэж хамтарч ажиллахыг Манфред Протце зөвлөж байв. 

Энэ үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хуулийн туслалцаа шаардлагатай байгаа сэтгүүлчдэд өмгөөлөл болон хууль зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаагаа дурдсан бөгөөд тэрбээр "МНСЭ Зөрчлийн хуулийн 6.21 дэх заалт буюу "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэснийг бүрэн авч хаях ёстой. Мөн Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг сэргээхийг эсэргүүцэж байна. Тэртээ тэргүй Иргэний хуулиар зохицуулагдсан зүйлийг давхардуулах шаардлагагүй гэж МСНЭ үзэж байна" гэж байлаа. 

Мөн "Глоб Интернэшнл төв" -өөс эрх нь зөрчигдөж буй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын тухай мэдээллийг олон улсын тавцанд хүргэх боломжтойг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.