Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэцэгээ: Нэгдүгээр эмнэлэгт H1N1 вирусийн халдварын улмаас хүн нас барсан тохиолдол байхгүй

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN

"H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байна. Нэгдүгээр эмнэлэг дотроо хөл хорио тогтоогоод байна" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Уг мэдээлэлд УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ албан ёсны тайлбар өгчээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/534491133701503/

Тэрбээр "Өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт H1N1 вирусын халдварын улмаас нас барсан хүн байхгүй. Ер нь бол томуу томуу төст өвчин ихсэж байгаа. Эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шөнөдөө гэхэд 80-100 хүн яаралтай тусламжаар ирж байна.

Бид эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэдэг утгаараа дотоод зохицуулалтууд хийсэн. Тухайлбал, түргэн тусламжийн эмчийн тоог нэмэгдүүлж, төлөвлөгөөт хагалгааны тоог цөөрүүлсэн. Хаана хөл хөдөлгөөн их байна тэнд томуугийн өвчлөл нэмэгддэг учраас хөл хөдөлгөөнийг багасгах чиглэлээр ажиллаж байна.

Яг H1N1 вирусын халдварын улмаас нас барсан хүн байхгүй ч дархлаа дарангуйлах эм уусны дараах байдалтай, хагалгаа хийлгэсэн, чихрийн шижин өвчтэй, цусны өвчтэй гэх мэт архаг хууч өвчтэй хүмүүс хүнд хэлбэрээр өвдөж байгаа" гэв.

УНТЭ хэвтүүлэн эмчлэн 520 ортойгоос 30 гаруй оронд нь хатгаа болон амьсгалын замын өвчтэй иргэд хэвтэн эмчлүүлж байгааг Д.Цэцэгээ эмч мөн хэллээ.

Мөн ЭМЯ-ны фэйсбүүк хуудаст дараах тайлбарыг оруулсан байна.

H1N1 вирусын улмаас өдөрт олноороо хүн нас барж байгаа тухай ташаа мэдээллийг цахим орчинд зарим хүмүүс тарааж байна.

H1N1 вирус 2009 онд анх бүртгэгдэж дэлхий дахинд цар тахлын хэмжээнд тархан хүн амын ихэнхи хувийг өвчлүүлсэн билээ. Тухайн цаг үеэс хойш энэхүү вирус нь жил бүрийн томуугийн эргэлтэд орж хүн амын хүнд тархсаар байгаа юм. Энэ нь анх тархаж байсан шигээ нийт хүн амыг өвчлүүлэхгүй, хоруу чанар багассан юм.

Хэдий тийм боловч энэ вирус нь хувьсамтгай учир өмнө өвдсөн хүн өвдөж болох ба хөнгөн хүрч болох юм. Харин бага насны хүүхэд, нэн ялангуяа 0-6 сар хүртэл хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийг анхаарч, дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, витаминлаг, илчлэг хоол хүнс өгөх, 0-3 хүртэлх насны хүүхдийг сайн хөхүүлэх, амны хаалт маск хэрэглэх, гэр орон байранд чийгтэй цэвэрлэгээ хийх, гадагшаа гарсан бол ам хамар хоолойгоо содын 1%-н уусмалаар зайлах, олон нийтийн газар очихгүй байх, гараа сайтар савандаж угааж хэвшвэл ханиад томуу хүрэхгүй байх боломжтой.

Томуугийн тандалтын албаны мэдээллээр 2019 оны хоёр дахь долоо хоногийн байдлаар 235 сорьцонд хийсэн шинжилгээгээр 95 сорьцонд A H1N1 вирус, RS вирус 13 сорьцонд, А H3N2 вирус 4 сорьцонд, аденовирус 1 сорьцонд тус тус илэрсэн байна. Жич: Сүүлийн хэдэн жил дараалан хийж буй томуугийн вакцинд А хүрээний H1N1 вирусын антигенийг оруулсан байна.