Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын холимог тулааны тамирчин бас нэг күнфү мастерыг түвэггүй ялжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Күнфүгийн тухай хуурамч ойлголтыг халж, бодит царайг нь илчлэх зорилго тавьсан Хятадын холимог тулааны 40 настай тамирчин Шу Шяодун саяхан бас нэг дуулиантай тулаанд ялжээ.

“Галзуу нохой” хочит Шяодун өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Хятадын нэг күнфү мастертай кикбоксын дүрмээр тулалдсан байна.

Тус улсын нэгэн баян энэ тулааныг зохион байгуулахын тулд 30 сая юаний ($4.4 сая) бооцоо тавьсан тухай эх сурвалжууд мэдээлжээ. 56 настай күнфү мастер Тянь Ие хэрвээ “Галзуу нохой”-г ялбал энэ мөнгийг авах бөгөөд ялагдсан ч 3 сая юань хүртэх нөхцөлтэй байсан гэнэ.

Тэр хэрвээ ялбал их мөнгөтэй болоод зогсохгүй Хятадын уламжлалт тулааны урлагийн нэр хүндийг аврах байв.

Гэвч Шяодун өрсөлдөгчөө хоёр дахь үе дээр хөнгөхөн ялж, бүр түүнийг элэглэж, доромжилсон агуулгатай үйлдэл үзүүлжээ.

Шяодунаас хүнд цохилт авсан күнфү мастерын хамар хугарч, цус асгарч эхэлсэн тул тулаан 30 секунд орчим хугацаагаар завсарласан байна.

Энэ хооронд холимог тулааны тамирчин Шяодун уйтгарлаж, нойр нь хүрч байгаагаа харуулсан хөдөлгөөн хийж, эцэст нь ялснаа мэдсэнийхээ дараа дэвжээн дээр бүжиглэж үзүүлжээ.

Тулааны дараа ярихдаа тэр тэмцээнийг үүнээс ч богино хугацаанд дуусгах боломжтой байсныг хэлсэн байна. Гэсэн ч тэр өрсөлдөгчдөө өршөөнгүй хандаж, аюултай хөлийн цохилтуудаа хийлгүй өнгөрсөн тухайгаа ярьжээ.

Шу Шяодун хоёр жилийн өмнөөс холимог тулааны төрлийн өмнө күнфү ямар ч хүчгүй болохыг батлан харуулахаа зарлаж, Хятадын олон нийтийн дунд өргөн маргаан дэгдээгээд байгаа юм. Тэр анхны тулаанаараа бас нэг күнфү мастерыг нүд ирмэхийн зуур ялж, дуулиан дэгдээж байв.

Үүний улмаас зарим ёс уламжлалаа хүндэлдэг хөрөнгөтнүүд түүнийг ялсан күнфү мастерт их хэмжээний мөнгөн шагнал өгөхөө амлаж байжээ.

Эх сурвалж: South China Morning Post