Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистантай залгаа хилийн нөхцөл хүндэрснээс Туркменистан улс чөлөөнд байгаа цэргийн алба хаагчдаа бүртгэж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хөрш Афганистаны хил дагуу нөхцөл байдал хүндэрч байгаагийн улмаас Туркменистан улс 50 хүртэл насны чөлөөнд байгаа армийн алба хаагчдаа бүртгэж эхэлсэн тухай тус улсын батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Туркмен даяар байрладаг цэрэг татлагын коммиссууд тэдгээр эрчүүдийг бүртгэж, алба хаах шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаа гэнэ.

Харин Туркмений эрх баригчид ямар зорилгоор ийм ажиллагаа эхлүүлснийг албан ёсоор тайлбарлахаас татгалзжээ. Тус улстай хиллэдэг Афганистаны олон мужид албан ёсны засгийн газар биш, Талибаны зэвсэгт бүлэглэл хяналтаа тогтоосон байдаг.

1991 онд ЗХУ задарснаас хойш анх удаагаа Туркменистан улстай хамтарсан цэргийн бэлтгэл сургуулилалт явуулж эхэлснээ ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч өнгөрсөн сард мэдээлж байв.

Уг нь тус улс Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтносон цагаасаа эхлэн төвийг сахиж, олон улсын зэвсэгт хүчний арга хэмжээнүүдэд оролцдоггүй байсан юм.

ОХУ болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд багтдаг Аюулгүй Байдлын Хамтын Ажиллагааны Байгууллага саяхан мэдэгдэхдээ Туркменистан, Тажикистан улсуудын Афганистантай хиллэдэг бүс нутгуудад экстремист бүлэглэлүүд идэвхжиж эхэлснийг баталсан байна.

Энэ байгууллагад Туркменистан улс багтдаггүй юм. 

2016 онд ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Ашгабат хотод айлчлахдаа Туркменистаны Афганистантай залгаа өмнөд хилийг хамгаалахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байв. Харин тухайн үед ийм хэрэгцээ байгаагүй Туркменчууд тодорхой хариу өгөөгүй юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty