Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Nike өөрөө үдээсээ чангалдаг сагсан бөмбөгийн пүүзээ танилцууллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

1980-аад оны “Back to the Future” (Ирээдүй рүү буцсан нь) кинонд өөрөө өөрийгөө үддэг гутал үзүүлдэг билээ.

Тэгвэл спорт хувцасны Найк компани хоёр жилийн өмнө анхны өөрөө үдээсээ чангалдаг гутлыг танилцуулж байв. Харин өчигдөр буюу Мягмар гарагт тус компани энэ санаачилгаа шинэ түвшинд гаргаж, орчин үеийн технологид суурилсан, өөрөө үдээсээ чангалж, сулладаг сагсан бөмбөгийн пүүзээ танилцууллаа.

Ирэх хоёрдугаар сарын 17-нд АНУ-д $350-аар худалдаалагдаж эхлэх Nike Adapt BB нь өөр дээрээ удирдах товчтойгоос гадна гар утасны аппликэшнтэй.

“Бид Nike Adapt брэндийн анхны пүүзийг сагсан бөмбөгийн спортод зориулж бүтээсэн нь тохиолдлын хэрэг биш. Энэ спортын тамирчдын пүүзэндээ тавьдаг шаардлага өндөр юм” гэж Найк компанийн инноваци хариуцсан дэд ерөнхийлөгч Эрик Авар мэдэгджээ.

Тусгай мотор, чип бүхий “Adapt” технологитой пүүз нь өмссөн хүний хөлийн онцлогт тохируулж үдээсээ чангалж, сулладаг. Бас тоглолтын үе болон завсарлага амралтын үед тааруулсан горимуудтай.

Бостон Селтиксийн довтлогч Жэйсон Татум өнөөдөр анхны ийм пүүзийг өмсөн талбайд гарч, Торонто Рапторсын эсрэг тоглох гэж байна. Тэр сүүлийн хэдэн сарын турш Найкын туршилтад оролцжээ.

Шинэ пүүзний батарей 10-14 хоног ажиллах бөгөөд хугацаа нь пүүзийг хэр олон удаа өмсөж, тайлахаас хамаарна.

Пүүзийг дагалдаж, цэнэглэгч тавцан ирж байна. Өөрөөр хэлбэл пүүзний батарейг цэнэглэхийн тулд уг тавцан дээр тавиад орхиход л болох юм.

Аппликэшн хэрэглэлгүйгээр пүүзний хажууд байрлах товчоор үдээсээ чангалж, суллаж бас болно.

Үүнээс гадна пүүзний гэрэлтэлтийн өнгийг аппликэшн ашиглан янз бүрээр сольж болох ажээ.

Эх сурвалж: CNET