Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэдийн тэмцлийн улмаас Зимбабвед интернэт сүлжээг бүрэн хаалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Африкийн өмнөд бүсийн Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр тус улсад худалдаалдаг бензин шатахууны үнийг хоёр дахин өсгөж байгааг телевизээр үг хэлэхдээ зарласан юм.

Тодруулбал нэг литр бензиний үнэ $1.24 байснаа $3.31 болж, дизель шатахууны литрийн үнэ $1.36-гаас $3.11 болжээ.

Тус улсын сангийн сайд Зимбабвегийн иргэд бүс нутагтаа хамгийн хямд шатахуун хэрэглэж байгаа тухай мэдээлж, ард иргэдээ тайвшруулах гэж оролдсон байна. Гэтэл иргэд интернэтээс тоо баримтуудыг шалгаж, өөрсдийгөө дэлхийд хамгийн өндөр үнэтэй шатахуун хэрэглэдэг болж байгаагаа мэджээ.

Ингээд Даваа, Мягмар гарагуудад иргэдийн эсэргүүцлийн жагсаал Зимбабве даяар өрнөсөн байна. Эхний өдөр эрх баригчид Whatsapp мессенжэрийг хаах хуучин тактикаа хэрэглэсэн бол дараа нь интернэтийг бүхлээр нь хаажээ.

Ингээд хоёр дахь өдөр иргэд гудамжинд гарсан байна. Энэ үеэр Зимбабвегийн армийг бэлэн байдалд шилжүүлж, цэргийн нисдэг тэрэгнүүд жагсагчдын дээрээс нулимс асгаруулагч хий цацсан юм.

Арми, иргэдийн хооронд гарсан мөргөлдөөний улмаас таван хүн амиа алдаж, 200 гаруй хүнийг баривчилсан тухай Зимбабвегийн дотоод хэргийн яам мэдээлж байна.

Үймээнийг далимдуулсан дээрэм тонуул эрчимжсэн тухай албан бус эх сурвалжууд мэдээлжээ.

Харин ерөнхийлөгч Мнангагва энэ үеэр цэрэг армиа орчин үеийн түвшинд зэвсэглэхэд зориулж тусламж хүсэхээр Москвад айлчилж явна.

 

 

Эх сурвалж: Quartz