Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британий парламент Тереза Мэйн Брэкзит гэрээний төслийг хүлээж авсангүй

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Европын Холбооны гишүүнчлэлээс улс орноо гаргах ерөнхий сайд Тереза Мэйн боловсруулсан гэрээний төслийг Их Британий парламент зөвшөөрөхгүй байх түүхэн сонголтыг өчигдөр хийлээ. Төслийг дэмжсэн, дэмжээгүй гишүүдийн саналын зөрүү 230 байжээ.

Ийнхүү Британичууд Европын Холбооноос гарах түүхэн сонголт хийснээс хойш хоёр жил үргэлжилсэн хүнд хэцүү хэлэлцээрийн үр дүн ноцтой асуудалтай тулгарлаа.

Санал хураалтын дараа ерөнхий сайд Тереза Мэй парламентад хандаж үг хэлэхдээ өөрийн төслийг “Европын Холбооноос Британий иргэдийг нэр төртэй гаргах” зорилготой байсныг тайлбарлажээ.

“Өнөөдрийн санал хураалтын үр дүн парламентын ямар ч байр суурийг бидэнд илэрхийлсэнгүй” гэж тэр гомдоллосон байна.

Одоо тэр Британий улс төрийн намууд болон Европын Холбооны удирдлагуудтай дараагийн алхмын талаар зөвлөлдөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин сөрөг хүчний лидер Жереми Корбин засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг маргааш парламентад хэлэлцүүлж, санал хураалгахаар боллоо.

Хэрвээ Тереза Мэй энэ санал хураалтаар дэмжлэг авч чадахгүй бол албан тушаалаасаа огцроход хүрэх юм.

Түүний Брэкзит гэрээний төслийг өнгөрсөн арванхоёрдугаар сард парламент хэлэлцэх ёстой байсан боловч Мэй дэмжлэгээ баттай болгохын тулд хойшлуулаад байв.

Гэвч тэр хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. Их Британи улс гуравдугаар сарын 29-ний өдөр Европын Холбооноос салах төлөвлөгөөтэй байгаа.

Хэрвээ энэ өдрөөс өмнө Европын Холбоотой сайн гэрээ хэлэлцээр хийж амжихгүй бол Британий нийгэм, эдийн засаг хүнд нөхцөл байдалтай тулгарах юм.

Тереза Мэй ерөнхий сайдын суудалдаа үлдэж чадвал гурав хоногийн дотор “Б төлөвлөгөө”-гөө танилцуулах ёстой. Бас тэр гуравдугаар сарын 29-ний Брэкзит болох өдрийг хойшлуулж чадах юм.

Одоо Их Британид үндсэндээ гурван зам үлдээд байна. Тереза Мэйг огцруулж, шинэ сонгууль явуулах, эсвэл Европын Холбооноос гарах шийдвэрээ эргэж харахын тулд хоёр дахь бүх нийтийн санал хураалт явуулах, гуравдугаарт, ямар ч гэрээгүй Европын Холбооноос гарах.

Өчигдрийн санал хураалтын дараа Британий эдийн засаг хямарч, фунт стерлингийн ханш унаж эхэлсэн байна. Хөрөнгө оруулагчид Британий үндэсний валютаас зугтаж, оронд нь алт худалдан авах болжээ.

 

Эх сурвалж: Quartz