Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дараагийн УИХ-ын дарга хэн бэ?

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэн, батлахаар тохиролцсон талаар талууд мэдэгдээд буй. 

Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд чөлөөлөгдөх нь цаг хугацааны асуудал болж. Харин дараагийн УИХ-ын даргаар хэн томилогдох вэ гэдэг анхаарал татсан сэдэв болоод байна. 

"27"-гийн фракц өөрсдийн талаас дараагийн Их хурлын даргыг томилуулахаар тохиролцож байгаа. Тохиролцоогоо яг таг болгоогүй учир байнгын хороодын ирц хүрэхгүй, ажил явахгүй байгаа гэх яриа ордноор гараад байна. 

Тэгвэл "27"-гийн талаас хэн хэнийг УИХ-ын даргад “сойж” байна вэ. Уг нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга асан Д.Хаянхярвааг Их хурлын дарга болно гэх шуум нэлээн дээрээс яригдсан. Гэвч тэрбээр өөрөө “Би УИХ-ын дарга болохгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

УИХ-ын гишүүн, БОАЖ-ийн сайд асан Д.Оюунхоролыг Их хурлын дарга болох магадлал өндөртэй байгаа тухай мэдээлэл сошиалд харагдах болов. Тэрбээр энэ талаар өөрөө ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Гэвч Д.Оюунхорол БОАЖ-ийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны шугамаар төсөв шамшигдуулсан асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв АТГ-т шалгагдаж байгаа нь үнэн бол УИХ-ын даргын суудалд суух нь юу л бол. 

Мөн дээрх хоёр гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Ж.Эрдэнэбат нарын хувилбарууд ч яригдаж байгаа аж. 

Харин нөгөө талаас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарын нэр яригдаж буй. Хамгийн олон удаа сонгогдсон ахмад, туршлагатай парламентчдын хувиар дээрх хоёр эрхмийн хэнийг ч Их хурлын даргаар томилж болох ч хоёр талын тохироо л бүхнийг шийднэ.