Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс өнгөний үзлээ илэрхийлсэн Нобелийн шагналт эрдэмтэн бүх цол хэргэмээ хураалгав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ДНХ-ийн бүтцийг тодорхойлсон ажлаараа Нобелийн шагнал хүртэж байсан эрдэмтэн Жэймс Уатсон саяхан хүний оюуны чадавхи удам угсаатай нь холбоотой гэсэн мэдэгдэл хийсэн юм.

90 настай эрдэмтний энэ мэдэгдлийн дараа түүний олон жил удирдсан Нью Йоркийн нэр хүндтэй “The Cold Spring Harbor Laboratory” өнгөрсөн хугацаанд олгосон бүх цол хэргэмийг нь цуцлах шийдвэр гаргажээ.

“Доктор Уатсоны мэдэгдэл бол буруу, шинжлэх ухаанаар батлагдаагүй, манай лабораторийн, ажилтнуудын, оюутнуудын байр суурь биш юм. Шинжлэх ухааныг буруугаар ашиглаж байгаад харамсаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.

Уатсон 2007 онд Сандэй Таймс сонинд ярихдаа Африкийн хөгжилд итгэдэггүйгээ илэрхийлж “учир нь өнөөдөр нийгмийн бүх бодлого тэднийг бидэнтэй адил оюун ухаантай гэсэн үзлээр хэрэгжиж байна. Гэтэл үнэндээ бодит байдал дээр тийм биш юм” гэж байв.

Тэр бас “хар арьст ажилтантай ажиллаж байгаа хүмүүс жинхэнэ үнэнийг мэдэж байгаа” гэж хэлсэн байна.

Тухайн үед доктор Уатсон уучлал гуйснаар хэл амнаас салж байв. Гэтэл саяхан гарсан баримтат кинонд тэр үзэл бодлоо өөрчлөөгүй байгааг дахин баталжээ.

PBS (Public Broadcasting Service) сувгийн “American Masters: Decoding Watson” хэмээх шинэ баримтат кинонд ярихдаа тэр “Хар болон цагаан арьст хүмүүсийн IQ тестийн дундаж оноо хол зөрүүтэй байдаг. Үүнийг би генетиктэй холбож тайлбарлана” гэсэн байна.

Доктор Уатсон 1953 онд ДНХ-ийн бүтцийг нээснийхээ төлөө Фрэнсис Крик, Розалинд Фрэнклин нарын хамт Нобелийн шагнал хүртэж байжээ.

Уатсон өнгөрсөн оны аравдугаар сараас хойш эмнэлгийн асаргаанд байгаа ба PBS сувгийнхан өнгөрсөн зун түүнтэй ярилцлага хийж байсан гэнэ.

Эх сурвалж: The Guardian