Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сирийн Курдууд руу довтолбол Турк улсын эдийн засгийг сүйрүүлнэ гэж Трамп сүрдүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өөрийнх нь холбоотон Сирийн Курд зэвсэгт бүлэглэлийн эсрэг довтолбол Турк улсын эдийн засгийг сүйрүүлнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Даваа гарагт мэдэгдсэн байна.

Исламын улс зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд хамтрагч болсон Сирийн Курдуудыг АНУ дэмждэг бол Турк улс тэднийг өөрийнх нь газар нутагт салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Курдын Ажилчны Намын холбоотон, террорист байгууллага гэж үздэг.

NATO-гийн хоёр том гишүүний хооронд энэ асуудлаас болоод том зөрчил үүсдэг байна.

Өнгөрсөн сард АНУ цэргээ Сириэс гаргах гэнэтийн шийдвэрийг зарлаж, Исламын улс бүлэглэлийг ялснаа тунхагласан билээ. “Хэрвээ Исламын улс бүлэглэл дахин сэргэвэл бид одоогийн баазаасаа цохилт өгнө. Хэрвээ Турк улс Курдүүдэд цохилт өгвөл бид эдийн засгийг нь сүйрүүлнэ. Турк улс Күрдын өдөөн хатгалагтай тулгарахыг хүсэхгүй байгаа бол 20 милийн урт аюулгүйн бүс үүсгэх хэрэгтэй” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн юм.

Түүнийг ингэж бичсэний дараа Туркийн лирийн ханш ам.долларын эсрэг нэг гаруй хувиар унаж, нэг ам.доллар 5.52 лиртэй тэнцсэн байна.

Мөн Туркийн ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ибрахим Калин “Анкара-Вашингтоны холбоотны харилцааг Трамп хүндэтгэвэл зохино” гэж мэдэгджээ.

“Ноён Трамп ноцтой алдаа хийж байна. Террористууд танай холбоотон байж чадахгүй. АНУ стратегийн түншлэлээ хүндэтгэж, террористуудтай хамтрахгүй байгаасай гэж Турк улс хүсэж байна” гэж тэр мэдэгдсэн юм.

Сириэс цэргээ гаргах болсноо зарласнаас хойш Вашингтоны төлөвлөгөө маш бүрхэг байгаа. Трамп өчигдөр ямар нэг “аюулгүй бүс”-ийн талаар анх удаа дурдсан нь үүний нэг жишээ. Зарим албаныхан АНУ цэргээ гаргахгүй, зөвхөн зэвсэг техникээ Сириэс татна гэж сүүлд мэдэгдсэн байна.

Гэтэл өөр нэг эх сурвалж АНУ-ын цэргийг Сириэс гаргах ажиллагаа эхэлж байгаа тухай мэдээлжээ.

Вашингтоны холбоотон Курд зэвсэгт бүлэглэл Сирийн хойд хэсэгт томоохон хэмжээний газар нутгийг хяналтдаа байлгадаг. Харин Трампын шийдвэрийн дараа Туркын ерөнхийлөгч Эрдоган тэднийг цэрэг зэвсгийн хүчээр нухчин дарахаа илэрхийлээд байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters