Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын шүүх хар тамхины хэрэгт буруутгагдсан Канадын иргэнд цаазын ял оноолоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Хятадын шүүх Канадын иргэн Роберт Ллойд Шелленбэргийг хар тамхи хилээр нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж, цаазын ял оноож байгаагаа зарлажээ.

Дальян хотын дунд шатны ардын шүүх бас Шелленбэргийн бүх хөрөнгийг хурааж, улсын орлого болгох шийдвэр гаргасан байна. Канадын иргэн шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй юм.

Одоо 36 настай Шелленбэрг өмнө нь газрын тосны салбарт ажилладаг байсан бөгөөд 2015 онд анх Ляонинь мужид баривчлагдаж байв.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэр Хятадын хилээр 200 кг орчим метамфетамин хэмээх бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэгт буруутгагдан 15 жил шоронд хоригдох, 150,000 юаний ($22,000) торгууль төлөх ял шийтгэл сонсож байжээ.

Дараа нь тэр Ляонинь мужийн ардын дээд шүүхэд давж заалдсан юм. Гэтэл арванхоёрдугаар сарын 29-нд болсон давж заалдах шатны шүүх хурлаас түүнд оноосон ялыг хэт хөнгөн гэж үзээд дахин шүүх шийдвэр гаргажээ.

Ингээд Дальян хотын дунд шатны ардын шүүх Шелленбэргийг дахин шүүгээд цаазын ял оноох шийдвэр гаргаж байна.

Шүүхийн материалд цагдаа нар мөрдөж эхэлснийг мэдэнгүүтээ Шелленбэрг Тайланд руу зугтах гээд оролдсон ч Гуанжоу хотод баривчлагдсан, мөн өөрийн орчуулагч Шу Чиньд машины дугуйнд мансууруулах бодис нуун хилээр нэвтрүүлэх даалгавар өгч байсан зэргийг дурджээ. 

Харин Шелленбэрг орчуулагч Шу Чинийг бүх хэрэгт буруутай, өөрийгөө улс дамжсан хар тамхины гэмт хэргийн ажиллагааны золиос болсон гэж мэдүүлсэн байна. Тэр Хятадад ирэхээсээ өмнө Лаос, Мьянмар, Малайз, Сингапур, Тайланд зэрэг орнуудаар аялж байжээ.

Шүүхийн шийдвэрийг гарсны дараа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо иргэнд нь цаазын ял оноосон явдалд онцгой санаа зовж байгаагаа илэрхийлээд Шелленбэргийг суллуулахын тулд бүх арга хэмжээг авна гэж амлажээ.

Тэр бас хэргийг дур зоргоороо шийдэж байгаа Бээжингийн эрх баригчдын үйлдлийг шүүмжилж, дэлхийн бүх улс орнууд уг хэрэгт санаа зовж, анхааралдаа авах ёстой гэж хэлсэн нь түүний Хятадын эсрэг хийсэн хамгийн хатуу мэдэгдэл байлаа.

Энэ удаагийн шүүхийн шийдвэр сүүлийн сар гаруй хугацаанд муудаад байгаа Канад-Хятадын харилцааг улам дордуулж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компанийн санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгч Мэн Ванжоуг Ванкуверт баривчилсан. Ираны хоригийг зөрчсөн үйл ажиллагаа явуулсных нь төлөө АНУ-ын захиалгаар түүнийг баривчилсан гэж байгаа.

Энэ хэргийн дараа Хятадын тал тус улсад ажиллаж, амьдардаг Канадын олон тооны иргэдийг янз бүрийн шалтгаанаар баривчлаад байна.

Өмнө нь Шелленбэргийн авга эгч Лаури Нелсон Жонс хэвлэлд ярихдаа дүүгийнх нь хэрэгт Бээжин-Оттавагийн харилцаа сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилж байгаагаа илэрхийлж байжээ.

Хятад улс өмнө нь хар тамхины хэрэгт буруутгагдсан гадаадын иргэдэд цаазын ял оноож, хэрэгжүүлж байсан түүхтэй. Тухайлбал 2014 онд Японы иргэнийг, 2013 онд Филиппиний иргэнийг цаазалж байв.

 

Эх сурвалж: AFP