Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс хуванцар соруулын хэрэглээнээс татгалзаж эхэллээ

О.Булган, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Арлын Япон улс далай дахь хог хаягдлын дийлэнхийг эзэлж буй гэх хуванцрын хаягдалд саяхнаас анхаарал тавьж эхэлсэн бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх эхний алхмуудыг хийж эхэлжээ.

Тодруулбал, тус улсын Гадаад харилцааны яам Япон улсад зохион байгуулагдаж буй олон улсын хурал, зөвлөгөөний үеэр нэг удаагийн хуванцар эдлэлийн зүйлсийг ашиглахыг болих шийдвэр гаргасан байна.

Үүнээс гадна тус улсын томоохон сүлжээ хоолны газрууд мөн хуванцрын хэрэглээнээс татгалзаж эхэллээ. Тухайлбал, Японы томоохонд тооцогдох Ringer Hut Co хэмээх сүлжээ хоолны газар өнгөрөгч Пүрэв гарагт үйл ажиллагаа явуулж буй нийт 780 салбарынхаа нэг удаагийн хуванцар соруулын хэрэглээг зогсоохоо мэдэгджээ.

Тус шийдвэрээс өмнө арванхоёрдугаар сард мөн ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг томоохон сүлжээ рестораны толгой компани болох Skylark Holdings 1,300 гаруй салбарынхаа хуванцар соруулыг эрдэнэ шишийн хаягдлаар хийсэн соруулаар сольсон байна.

Тэгвэл энэхүү компанийн мэдээлж буйгаар "Бидний гаргасан энэ шийдвэрийг үйлчлүүлэгчид ихэд гайхаж, асуух болсон. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчинтой холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, хуванцрын хог хаягдлыг бууруулахын тулд ийнхүү ажиллаж байгаагаа тайлбарлахад үйлчлүүлэгчид соруулыг бүр огт хэрэглэхгүй байхыг эрмэлзэх болсныг бид ажиглаж байна" гэжээ.

Мөн дээрх аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд туршилтын хугацаагаар хэрэглэгчдэд соруул ашиглуулахгүй байхаар хурааж авахад үйлчлүүлэгчдээс ямар нэгэн санал, гомдол ирээгүйг онцолсон байна.

Тус улсын ус, ундаа үйлдвэрлэлийн салбар ч хуванцрын хэрэглээнд ирэх жилүүдэд томоохон өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа бөгөөд 2030 он гэхэд уух зүйлсэд хэрэглэгдэж буй хуванцар савыг дахин ашигладаг болохоор төлөвлөж байгаа ажээ.

 

 

Эх сурвалж:  Japantimes.co.jp