Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЖДҮХС-г хүн бүр мэддэг болсноор ЖИНХЭНЭ жижиг, дунд үйлдвэрлэгчид олноор хандах болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
 

“Жижиг, дунд үйлдвэрлэл хамгийн өндөр хөгжсөн Солонгосыг жишээ болгож үзье, энэ улсад маш олон жижиг үйлдвэр нь томоохон аж ахуйн нэгжийнхээ туслан гүйцэтгэгчээр ажилладаг. Ингэж томоохон аж ахуйн нэгжийг түшиглэн үйлдвэрлэлээ явуулах нь санхүүгийн баталгаатай болж байгаа явдал” хэмээн Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од хэллээ.

Тэрбээр, энэхүү туршлагыг Монголд хэрэгжүүлэхийн тулд хуулийн зохицуулалт хийх боломж бийг ч дурдаж байв.

Тухайлбал, томоохон компаниудын ажилчдын тоо болон борлуулалтын орлогоос хамааран 200-с дээш ажилтантай үйлдвэрүүд нийт ажлынхаа 10 хувийг заавал жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээр хийлгүүлэх ёстой гэх мэт хуулийн зохицуулалт хийж болохыг хэллээ. 

Сонгинохайрхан дүүрэгт 984 аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна. Үүний 60 хувь оёдлын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Хэрэв дээрх жишээгээр олон ажилтантай аж ахуйн нэгжүүдийн ажилтны улирлыг хувцсыг хийх квот олговол оёдлын газруудад ихээхэн дэмжлэг болохыг тэрбээр тодотголоо.

Тус дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд түгээмэл тохиолдож буй асуудал нь санхүүжилт бөгөөд тэдгээрийн 90 хувь нь хөнгөлөлттэй зээл хүсдэг ажээ.

 
СХД-ийн Жижиг, дунд үйлдвэрийн дэмжих төвд ирүүлсэн хүсэлтүүд

Энэ тухай О.Гэрэлт-ОдҮйлдвэрлэгчид өмнө нь ЖДҮХС-гийн талаар бараг мэддэггүй байлаа. Нийгэмд гарсан дуулианаар л мэдэж авсан гэхэд болно.

Үүний дараагаар манай дүүргийн 474 аж ахуйн нэгж нийтдээ 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл хүссэн өргөдөл ирүүлсний 100 гаруй нь 1-5 сая хүртэлх төгрөгийн зээл авахаар хүсэлтээ гаргасан байна. 

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд их хэмжээгээр зээл авч, зарим нь эргээд төлсөн байна. Тэгвэл эргэн төлөлтөөр орж ирсэн 20-иод тэрбум төгрөгөө үйлдвэрлэгчдэд зээлээр олгохыг хүсэж байгаа” гэлээ. 

Зээлийн хэмжээ

/төгрөг/

Үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо

Шаардлагатай санхүүжилт

1

1,000,000-5,000,000 хүртэлх

113

479,500,000

2

6,000,000-20,000,000

206

2,832.000,000

3

20,000,000-100,000,000

107

5,774,000,000

4

100,000,000-с дээш

48

9,826,000,000

 

Нийт

474

18,911,500,000 /арван найман тэрбум найман зуун гучин зургаан сая таван зуун мянга/

Гэвч аливаа зээлийг зориулалтын бусаар ашиглан, дараа нь зээлээ төлж чадахгүйд хүрч, дампуурах тохиолдол их гардаг тул зээлийн зарцуулалтад хяналт тавих шаардлагатай ч онцолж байв.

“ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээл нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих хөшүүрэг. Энэ сантай холбоотой олон шуугиан нийгэмд газар авсан. Зээл жинхэнэ үйлдвэрлэгч нарт хүрээгүй гэдгийг нийгэм харлаа шүү дээ. Тэгэхээр ЖДҮХС-гийн зээлийг өндөр хяналттай болгох хэрэгтэй. Миний хувьд, ЖДҮХС-д дараах гурван өөрчлөлтийг хийх хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Энэ нь:

  1. Есөн дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвүүд дээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сангуудыг байгуулж тухайн сан нь 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг шийддэг байх. 100 саяас дээших зээлийг яамны дэргэдэх Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан шийддэг байх. Зээлийн хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн үйлдвэрийн харьяалагдах жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс тогтвортой үйл ажиллагаа явуулдаг эсэх болон тус төвийн сургалтад хамрагдсан эсэх талаар тодорхойлолтыг үндэслэдэг байх;
  2. 20 сая хүртэлх төгрөгийн зээлэнд барьцаа хөрөнгө шаардахгүй хамаарал бүхий нийгмийн даатгал төлөгч этгээдээр батлан даалтын гэрээ хийлгэн зээл олгох;
  3. Зээлийг зориулалтын дагуу ашиглуулахын тулд бэлэн мөнгө олгох хэмжээн дээр хязгаарлалт тогтоон тухайн зээл хүсэхдээ бичсэн төслийх нь дагуу тоног төхөөрөмж, бараа материал зэргийн худалдан авалтыг нь цаад нийлүүлэгч талын нэхэмжлэлийг үндэслэн сангаас шууд шилжүүлэг хийж зээлийн зарцуулалт болон төслийн хэрэгжилт дээр дэд сан болон сангаас тогтмол хяналт тавьж ажиллах;
  4. Шалгарсан төсөл болон шалгараагүй төслүүдийг бүгдийг нь сайт дээрээ байршуулдаг болох. Ямар учраас шалгарсан болон яагаад шалгараагүй гэдэг тайлбартай байх ёстой” хэмээв. 

Дүүргүүдэд байдаг жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд нь санхүүжилт олгох боломж байдаггүй.

Харин зээлийн тухай ойлголт, эрсдэл, төсөл бичих тухай, компанийн засаглал гэж юу вэ зэрэг бизнесийн үйл ажиллагааны зөвлөгөө сургалт явуулах болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах хэлбэрээр борлуулалтыг үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг байна.

Түүнчлэн “Үнэнийг хэлэхэд, бидэнд ЖДҮХС-гийн мэдээлэл хомс байдаг. Сонгон шалгаруулалт нь хэзээ болох нь вэ гээд л хүлээдэг. Гэтэл төсөл хүлээж авах хугацаа дуусахаас 2-3 хоногийн өмнө нь л сайт дээрээ нийтэлнэ. Энэ цөөхөн хоногт сайн төсөл бичих хүн бараг байхгүй. Уг нь сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө бидэнд албан ёсоор мэдээлэл өгч байвал үйлдвэрлэл эрхлэгчдэдээ хэлж танилцуулснаар олон хүн хамрагдах боломжтой болно” гэлээ. 

Мөн тэрбээр, “Нууцлагдмал байгууллага ил болж байгаад баярлаж байгаа. Энэ үед нь л хүртээмжтэй болгооч гэж буй үйлдвэрлэгчдийнхээ хүсэлтийг илэрхийлж байна” гэсэн юм. 

Түүнчлэн, ЖДҮХС-гийн үйл ажиллагааг яаж зөв голдрилд оруулах талаар дүүргүүдийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд хамтран ажиллаж буй бөгөөд ил тод байдал хамгийн чухал гэдгийг цохон тэмдэглэж байв.