Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголт ойрын 2-3 долоо хоногт олгогдоно

ikon.mn
2019 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2018 оны төсвийн гүйцэтгэл болон 2019 оны төсвийг танилцуулж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1453409711457879/

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын нэгдсэн төвсийн орлого анх удаа 10 их наядыг давлаа. 2010 оноос хойш төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл анх удаа ашигтай гарлаа. 

Төсвийн орлого 2 их наядаар давж биелсэн.

Төсөв ашигтай гарахад нөлөөлсөн нэг зүйл нь Монгол Улсын зээлжих зэрэглэл өссөнтэй холбоотой гэж би харж байгаа.

Мөн улс орон даяар төсвийн сахилга батыг сайжруулж байгаа нь орлого өсөхөд нөлөөлж байна. Сүүлийн 10 гаруй жилийн туршид жил бүр төсөвт 1-3 удаа тодотгол хийж ирсэн. Манай Засгийн газар 2018 оны эхэнд төсөвт тодотгол хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Хэлсэн ёсоор тодотгол хийгээгүй. Төсөв тодотгохоор төрийн байгууллагынхны зарлага нэмэгддэг.

2018 онд НӨАТ-ын буцаан олголтоор 680,000 хүнд 78 тэрбум төгрөг өгч байсан бол одоо 808,000 хүнд 120 тэрбум төгрөг өгөхөөр байна. Буцаан олголт ойрын 2-3 долоо хоногт иргэдийн дансанд орно.

2019, 2020 онд өрийн их хэмжээтэй төлөлт байхгүй

Гэрэл зургийг mpa.mn

Үнэт цаас гаргаагүй учраас Засгийн газар зээлийн төлбөр дээр 100 гаруй тэрбум төгрөг хэмнэж чадсан. Бид 2018 оны эхээр хэлэлцээрүүд хийж өндөр хүүтэй богино хугацаатай зээлүүдийн хэлбэрээ өөрчилж, нийтдээ 300 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийлээ. 

Улсын нэгдсэн төсвийг өргөн барихдаа "Иргэдийн төсөв"-ийг хамт өргөн барьж батлагдсаны дараа шинэчилсэн хувилбарыг гаргаад байна. Хүн болгонд зориулсан төсвийн ойлгомжтой гарын авлагыг гаргасан. Цаашид цувралаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтарч түгээхэд бэлэн байна.

Ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа боомт болгоныг камержуулна

2019, 2020 онд өрийн их хэмжээтэй төлөлт байхгүй. Төлөлтийн хэмжээ байхгүй учраас төсөв дээр нэг их хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа. Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ 21 их наяд төгрөг байгаа бөгөөд энэ нь ДНБ-ний 60.4 хувьтай тэнцэж байна.

Сангийн яам гадаад өрийн дарамтыг оновчтой зөв буулгаж чадвал урт болон дунд хугацаанд валютын ханшын дарамтыг бууруулна гэж харж байгаа. Мөн экспортын орлогыг нэмэгдүүлэх нь үүнд нөлөөлнө. Тиймээс экспортоор гарч байгаа уул уурхайн бүтээгдэхүүний хяналтыг сайжруулж, валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ. Ашигт малтмалын бүтээгдэхүүн гарч байгаа боомт болгоныг камержуулна. Ингэснээр машин бүрийг хянана. 

2021, 2022, 2023 онд хийгдэх бондын төлбөрийн эргэн төлөлт дээр анхаарлаа хандуулж байгаа. Жишээлбэл 2022 онд 1 тэрбум долларын эргэн төлөлт хийнэ. Өндөр дүнтэй төлбөр төлөхөөр валютын ханшид нөлөөлдөг. Тиймээс энэ төлбөрийг хуваах жигд хуваарилах тал дээр ажиллаж байгаа. Үр дүн нь гарахаар та бүхэнд мэдээлэх болно.

Төсвийн орлого 2018 онд 25 хувиар давж биелсэн. 2018 онд Сангийн яам 2.4 их наядын зээл авч болох байсан ч аваагүй.

Сангийн яам Татварын багц хуулийг УИХ-д өргөн бариад найман сар болж байна. Одоо болтол хэлэлцээгүй байгаа. Энэ хууль батлагдаад гараад ирвэл олон ААН НӨАТ-ын хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж бүрдэнэ.

НӨАТ-ын буцаан олголтыг арилжааны банкаар дамжуулан зээлж байгаа нь хууль бус

Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын буцаан олголттой холбоотойгоор арилжааны хоёр банк зээл олгож байгаа. Өмнө нь ийм хүсэлтүүд Сангийн яаманд ирж байсан. Энэ нь хууль бус. Сангийн яам удаа дараа хориглосоор байтал татварын байгууллага арилжааны банктай хамтраад ажилласан. Тиймээс ТЕГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөхөөр асуудал яригдаж байгаа. Удахгүй шийдэгдэх байх. Статистикын байгууллагад өгдөггүй хувь хүний мэдээллийг дээрх хууль бус үйлдлийн хүрээнд задруулж байгаа.