Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Тайвань, БНСУ, БНХАУ гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татдаг

Ц.Даваасамбуу, Үндэсний шуудан
2019 оны 1 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг

НҮБ-аас улс орнуудын гадаад хөрөнгө оруулалтын урсгалын тайланг гаргажээ. 2013 гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ дэлхийн хэмжээнд 1.4 их наяд ам.доллар байсан бол энэ тоо 2014 онд 1.6 их наяд болж нэмэгджээ. Харин 2015 онд 1.7 их наяд, 2016 онд 1.8 их наядад хүрсэн байна. Ажиглагчид их гүрнүүд гадаад улс орнуудад хийх шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээ цаашид өсгөнө хэмээн үзэж байна. Өнгөрсөн жил хөгжиж буй орнуудад орсон шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 778 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

2012 оноос хойших шууд хөрөнгө оруулалтын тайланг харахад хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудаас илүүтэйгээр гаднын хөрөнгө оруулалтыг татаж эхэлсэн байна. Дэлхийн улс орнуудад хийгдэж буй нийт хөрөнгө оруулалтын 30 хувь нь зөвхөн Азийн орнуудыг чиглэжээ. Тайвань, БНСУ, БНХАУ зэрэг улс хөрөнгө оруулагчдыг хамгийн ихээр татсан улс орнуудыг тэргүүлж байна.

Түүнчлэн Европын холбооны орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг багагүй татдаг байна. Өнгөр-сөн жилийн байдлаар Европын холбооны орнууд 246 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг татжээ. Түүнчлэн Латин Америкийн орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2013 оноос хойш 13 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ УЛС ОРНУУД

Дэлхийн улс орнуудад оруулж буй шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ Хойд Америкийн орнууд нэлээн дээгүүрт бичигддэг. Гэвч Хойд Америкийн орнуудын гадаад улс орнуудад хийж буй хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд 14.5 орчим хувиар буураад байна. Зөвхөн өнгөрсөн жилийн байдлаар л гэхэд эдгээр улс орнуудын гадаад улс орнуудад хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 381 тэрбум ам.доллар болжээ. Дараа нь Азийн орнууд тэр дундаа БНХАУ орж байна. Тус улс өнгөрсөн 2017 онд л гэхэд гаднын улс орнуудад 103 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийсэн байна.

АЗИЙН ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ БНХАУ

БНХАУ-ын Төв болон Зүүн Европт хэрэгжүүлэх гэж буй төслүүдэд 10 тэрбум евро буюу 11.15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Аж үйлдвэр, худалдааны банк /Industrial and Commercial Bank of China/ мэдэгдлээ. Tyc банкны өнгөрсөн оны эхээр байгуулсан “Sino-CEE Financial Holdings” компани “Хятад-Төв болон Зүүн Европын сан”-гийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхээр болжээ.

“Хятад-Төв болон Зүүн Европын сан”-гаас /the China-Central Eastern Europe fund/ дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл зэрэг салбаруудад хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхийн тулд 50 тэрбум еврогийн хөрөнгө босгох зорилт тавьжээ.

БНХАУ-ААС АНУ-ЫГ ЧИГЛЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УРСГАЛ

БНХАУ-аас АНУ-ыг чиглэсэн асар их хэмжээний мөнгөн урсгал бий болж байгаатай холбоотойгоор тус улсын АНУ-д хийх хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жил нэмэгдэж, шинэ дээд амжилтад хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын компаниуд АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой байгаа бөгөөд олон төрлийн салбарт нийт 20-30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Олон улсын эдийн засгийн Петерсон хүрээлэнгийн судлаач Шон Майнэр “Энэ нь АНУ-ын эдийн засагт сайн мэдээ бөгөөд үүнийг дагаад шууд болон шууд бусаар олон мянган ажлын байр бий болно” гэж дүгнэжээ.

Мэдээж, хоёр улс үүсээд буй худалдааны маргаанаа шийдвэрлэсэн тохиолдолд л хэрэгжих юм. 2014 онд гэхэд БНХАУ АНУ-д 11.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ нь 2015 онд 15 тэрбум болж өссөн байна. Гэхдээ энэ нь БНХАУ-аас бусад орныг чиглэсэн хөрөнгө оруулалтын багахан хэсэг юм. Хятадын хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь Европ болон Ази руу чиглэсэн байдаг. Өнгөрсөн 2017 онд л гэхэд БНХАУ-ын бусад орнуудад хийсэн хөрөнгө оруулалтын наймны нэг нь АНУ-д шингэжээ.

БНХАУ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ИРЭХ ЖИЛҮҮДЭД ХААШАА ЧИГЛЭЖ БАЙНА ВЭ

Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан цаг үе тохиогоод байгааг тус улсын шинжээчид онцолж буй. Хятадын удирдагчид эдийн засгийн хөгжлийн чанарыг сайжруулах ёстой гэж үзэж байгаа тул эдийн засгийн төрөл бүрийн салбарыг илүү тэнцвэртэйгээр хөгжүүлэх, инноваци болон орчин үеийн технологийг өргөн нэвтрүүлэх, зах зээлийн механизмуудыг хөгжүүлэхийн тулд ирэх таван жилд ямар ч үнээр хамаагүй эдийн засгийн дээд зэргийн хурдыг хангах төлөвлөгөөнөөсөө татгалзсан байна.

Эдийн засгийн хөгжлийн хурд удаашрахад мэдээж ажилгүйдэл нэмэгдэж, хүн амын орлого багасах тул Хятадын Засгийн газар ДНБ-ий “Дунд зэргийн өндөр” хурдыг хангахыг эрмэлзэж байгаа юм. Хятадын олон эдийн засагч ойрын жилүүдэд эдийн засгийн хөгжлийн хурдын зорилтот үзүүлэлт 6-6.5 хувь гэж үзэж байна. 2015 онд энэ үзүүлэлтийг долоон хувийн түвшинд байхаар төлөвлөсөн ч гуравдугаар улирал гэхэд ДНБ-ний өсөлтийн хурд 6.9 хувь болж буурсан юм. Хятад нь 12 дахь таван жилийн хугацаандаа 28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гаднын улсуудад хийсэн байна. 

Өнөөдөр тус улс гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт орж байна. 2015 онд гадаад хөрөнгө оруулалтын хэмжээгээр АНУ 337 тэрбум ам.доллараар дэлхийд тэргүүлж, Хонконг 150 тэрбум ам.доллараар удаалсан байдаг. Энэ үед Хятадын хувьд хөрөнгө оруулалт гурав дахин өссөн. Зөвхөн энэ оны эхний сарын үзүүлэлтээр тус улсын гадаад хөрөнгө оруулалт 18.2 хувиар өсч, 12.2 тэрбум ам.долларт хүрэв. Тэр дундаа АНУ, Европын орнууд руу хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байгааг олон улс анхааралтай ажиглаж байна.

Хятад өнгөрсөн 10 жилийн хугацаанд АНУ-д 10.5 тэрбум ам.доллар, Их Британид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 1.2 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлснээр бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд голлох донор орон болж хувирсан юм. Өнгөрсөн 2017 оны сүүлчээр Ши Жиньпин Их Британид айлчлахдаа ирэх 10 жилийн хугацаанд 30 тэрбум фунт стерлингийн тусламж үзүүлэх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Ирэх жилүүдэд Хятадын Засгийн газар “хар тив” Африкийн 10 улсад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байна.

Зураг