Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Huawei компани Польшид баривчлагдсан ажилтнаа халах шийдвэр гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын харилцаа холбооны технологийн Huawei компани тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр Польшид баривчлагдсан ажилтнаа халж байгааг өчигдөр буюу Бямба гарагт зарлажээ.

Баасан гарагт Варшавын эрх баригчид Huawei компанийн удирдах ажилтан Ван Вэйжинь болон Польшийн тагнуулын байгууллагын ажилтан асан хүнийг тус улсын эсрэг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр баривчилсан юм.

Huawei компанийн мэдэгдэлд Ван Вэйжиний холбогдсон хэрэг тус компанитай ямар ч холбоогүй гээд бизнесийн нэр хүндийг нь сэвтүүлсэн тул ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байна гэжээ.

Хятадын Huawei компани дэлхийн хамгийн том харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болоод байгаа.

Гэвч Өрнөдийн орнууд тус компанийн бүтээгдэхүүнүүдийг Хятадын нууц албаныхан тагнуулын зорилгоор ашиглаж байх магадлалтай хэмээн болгоомжилдог юм.

 

Эх сурвалж: Reuters