Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий даяар K-pop соёлыг шүтэн бишрэгч 89 сая хүн байгааг мэдээлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Солонгосын давалгаа” буюу “Халлю” хөдөлгөөнийг дагагч 89 сая хүн дэлхийн 113 улсад байгааг Өмнөд Солонгосын засгийн газар Пүрэв гарагт мэдээлжээ.

“The Korea Foundation” сангаас гаргасан 2018 оны тоо баримтад үзүүлснээр дэлхий даяар Солонгосын соёлыг шүтэн бишрэгч 89.19 сая хүн байгаа нь 2017 оны 73.12 саяас 22 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Өнгөрсөн оны огцом өсөлт нь BTS хөвгүүдийн хамтлагийн нөлөө гэнэ. Тус хамтлаг өнгөрсөн онд Биллбордын 200 шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж, Грэммийн шагнал хүртсэн анхны Солонгос уран бүтээлч болсон юм.

Поп хөгжмөөс гадна K-beauty гоо сайхны болон K-food хоол хүнсний хэрэглээ, хэв маяг дэлхий дахинд олон хүнийг байлдан дагуулснаас өнгөрсөн оны өсөлт бий болсон гэж тайлагнажээ.

2018 оны сүүлээр дэлхийн 113 улсад 1,843 “Халлю” фэн клуб байгуулагдаад байгаа гэнэ. Үүнд Өмнөд Солонгосыг тооцоогүй юм.

Үүнээс хамгийн том нь Ази, Номхон далайн бүс нутаг 70,59 сая гишүүн, 457 фэн клубтэй байгаа бол дараа нь Америк тивд 11.8 сая гишүүнтэй 712 клуб байна.

Европт 534 клубт 6.57 сая гишүүн, Африк болон Ойрх Дорнодод 140 клубт 230,000 гишүүн бүртгэлтэй байгаа ажээ.

Японд өнгөрсөн онд “Халлю” фэнүүдийн тоо гурав дахин өсөж, 300,000-ыг давсан байна. Хөгжим, киноны фэнүүдийг дагаад гоо сайхны бүтээгдэхүүн, хоол хүнс, аялал жуулчлалын салбарууд хөгжиж байгаа юм.

2020 онд Солонгосын соёлын фэнүүдийн тоо дэлхий даяар 100 саяыг давна гэж тооцоолжээ.

“Халлю” буюу “Солонгосын давалгаа” хэмээх нэр томьёо анх 1999 онд бий болж, өөрийн соёл, урлагийг гадаад ертөнцөд дэлгэрүүлэхийн тулд Өмнөд Солонгосын засгийн газар дэмжин ажиллах болсон юм.

 

Эх сурвалж: Korea Times