Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ оргосон Араб охинд Канадын засгийн газар орогнол олгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Шашны хэт хуучинсаг үзэлтэй гэр бүлийнхээ дарамтаас зугтсан Саудын Арабын харьяат 18 настай охин өнгөрсөн Бямба гарагт Тайландын нийслэлийн нисэх буудалд ирсэн билээ.

Рахаф Мохаммед Аль Кунуныг Бангкокт ирэхэд Тайландын албаныхан паспортыг нь хурааж, хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй юм. Үүний дараа Кунун зочид буудлын өрөөнд дотроос нь түгжин хориглолт хийж, твиттер сүлжээгээр хүмүүсээс тусламж гуйснаар дэлхийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орж байв.

Хэрвээ түүнийг албадан нутаг буцаавал гэр бүлийнхнийхээ гарт амь үрэгдэх нь бараг 100 хувь тодорхой болсон гэдгийг тэр мэдээлж байжээ. Исламын шашинт орнуудад гэр бүлийнхээ нэр төрийг гутаасан охидын амийг хөнөөх явдал түгээмэл байдаг ба үүнийгээ “нэр төрийн аллага” гэж нэрлэдэг.

Тэмцлийнхээ үр дүнд тэр Тайланд дахь НҮБ-ын төлөөлөгчтэй уулзаж, хамгаалалтанд орсон юм. Улмаар өнгөрсөн Лхагва гарагт НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд коммиссар Кунунд дүрвэгчийн статус олгожээ.

Тэгвэл өчигдөр буюу Баасан гарагт Канад улс түүнд орогнол олгосон тухай Тайландын эрх баригчид мэдээлсэн байна. Кунун өчигдөр орой Korean Air компанийн нисэх онгоцоор Сөүл рүү нисэж, тэндээсээ цааш Канадыг зорихоор болжээ.

Аль Кунуны энэ үйлдэл Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүлээсээ зугтсан хэд хэдэн эмэгтэй гадаадад саатуулагдаж, нутаг буцаагдаж байжээ. Ийм тохиолдлуудын ихэнх нь олон нийтэд мэдэгдэлгүй өнгөрдөг тухай хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн байна.

Өчигдөр Кунун өөрийн твиттер хаягийг устгажээ. Түүнтэй харилцаж байсан сэтгүүлчийн мэдээлснээр твиттер сүлжээгээр амь насанд нь халдах маш олон тооны заналхийлэл ирж байгаагаас ингэхэд хүрсэн байна.

 

Эх сурвалж: Reuters