Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гадуур хоносон охиныхоо амийг гэрийнхэн нь хөнөөсөн хэрэг Энэтхэгт гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн дорнод Бихар мужийн Гаяа хотын оршин суугч, 16 настай охины цогцсыг цагдаа нар өнгөрсөн Ням гарагт олсон юм.

Мөчилж, хуваасан охины цогцсыг олсон цагдаа нар түүнийг “нэр төрийн аллага”-ын хохирогч болсныг тогтоосон байна. Тодруулбал охиноо гадуур хоносонд уурссан гэр бүлийнхэн нь өөрсдийн найз болох мах бэлтгэгчтэй хамтран түүний амийг хөнөөж, цогцсыг нь нуусан байжээ. Гэр бүлийнхээ нэр хүндийг аврахын тулд үйлдсэн ийм аллага Энэтхэгийн алслагдмал бүс нутгийн оршин суугчдын дунд түгээмэл гардаг байна. Хамгийн сүүлд гаргасан албаны тоо баримтаас үзвэл 2016 онд Энэтхэг даяар 69 “нэр төрийн аллага” бүртгэгджээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч байгууллагууд бодит байдал дээр үүнийг нэлээд дарсан тоо гэж үздэг.

Цогцосны зураг сошиал сүлжээнд тарж, нийгмийг бухимдуулснаас олон хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал цуглаан Энэтхэгийн хотуудад өрнөж байна.

Гэр бүлийнхэн нь охиноо арванхоёрдугаар сарын 28-нд алга болсон талаар цагдаад мэдээлсэн ч эрэл хайгуулын ажилд төдийлөн туслахгүй, санаа зовохгүй байсан нь сэжиг төрүүлжээ.

Үнэндээ алга болсон охин хэн нэгэнтэй хамт гэрээсээ яваад гурав хоногийн дараа буцаж ирсэн юм байна. Охины эгч дүүгээ арванхоёрдугаар сарын 31-ний өдөр мах бэлтгэгчтэй хамт явж байгааг нь хамгийн сүүлд харсан гэж цагдаад мэдүүлжээ.

Ингээд мөрдлөгийн дүнд охины амийг гэр бүлийнхэн нь өөрсдөө хөнөөсөн болохыг тогтоож, өчигдөр буюу Пүрэв гарагт Гаяа хотын цагдаагийн газрын дарга Ражив Кумар Мишра хэвлэл мэдээллийнхэнд дүгнэлтээ танилцуулсан байна.

 

Эх сурвалж: The Guardian