Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 35 гэртэй СУУЛТ

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Төв талбайн урд талын авто машины зогсоолд 35 гэр барьж, улс төрийн нам, ТББ, иргэдийн төлөөлөл суулт зохион байгуулж байна.

Гэрүүдийг тус бүрд нь хуваарилж байрлуулсан ч иргэдийн хувьд гэрт гэхээсээ илүү гадаа зогсоцгоож байгаа юм. Учир нь гэрүүдэд гал түлээгүй, цахилгаан байхгүй учраас халаагуур залгах боломжгүй байна.

Зарим ТББ-ууд гэрийнхээ гадаа өөрсдийн юу шаардаж суултад оролцож буйгаа танилцуулан сонирхон ирж буй иргэдийн гарын үсгийг цуглуулж байлаа.

Ингээд суултад оролцож буй нам, ТББ, иргэд ямар шаардлага тавьж байгаа болон хэчнээн хүний гарын үсэг цуглуулаад буйг тодруулснаа хүргэе.

Б.Бэхбат: Энхболд гэдэг хүнийг огцруулахыг л зорьж байна

 

"Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөний зохицуулагч Б.Бэхбат "Манай хөдөлгөөнөөс өчигдөр гарын үсэг цуглуулаагүй. Өнөөдрөөс өөрсдийн шаардаж буй шаардлагаа иргэдэд танилцуулан гарын үсэг зуруулж байгаа. Бид хариуцлага нэхэж байгаа. Энхболд гэж хүн хуулийн хариуцлага хүлээхгүй байна. Монгол Улсын иргэн бүрд хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Прокурор, шүүх, АТГ гээд хуулийн байгууллагуудыг бүгдийг нь атгандаа оруулсан Энхболд гэдэг хүнийг огцруулахыг л зорьж байна. Энэ хүн унаж байж бүх юмны чагт тайлагдана. Жирийн ард иргэд өдөр тутамдаа хууль үйлчилж байхад дээр байгаа хүмүүст юу ч үйлчлэхгүй байна.

Сая Ж.Батзандан гишүүн гарч ирж суулт хийж байгаа хүмүүстэй уулзаад "Энд гал түлж болохгүй учраас тогны асуудлыг шийдэж өгнө. Гэр тус бүрд халаагуур тавьж өгөхийг хичээе" гэж хэлээд явлаа" гэв.

"10.8 их наядын өр зээл, алдагдалтай төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН-үүдийг шалгая"

 

Иргэний зориг, ногоон намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар "ИЗНН гурван шаардлага тавьж 14 хоног суулт хийсэн. Ингээд өчигдрөөс жагсаалд нэгдэж, өнөөдрөөс суулт хийж байна.

Манай намын зүгээс нэгдүгээрт, УИХ-аас гарсан урт хугацааны бодлогод усны нөөцийг зохистой ашиглахгүй бол 10 жилийн дараа өмнийн говь усгүй болох талаар судалгаа орсон байна. Энэ судалгаа дөрвөн жилийн өмнө гарсан. Энэ судалгааг УИХ, Засгийн газар эрдэмтэдтэйгээ хамтраад гаргасан хэр нь үүнээс сэргийлэх нэг ч ажил хийхгүй байсаар өдийг хүрсэн. Тиймээс урт нэртэй хуулийг зөрчиж байгаа ААН-үүдийг яаралтай шалгаж өгөөч ээ гээд 2018 оны зургаадугаар сард төрийн гурван өндөрлөгт албан бичиг хүргүүлсэн. Гэтэл хариу огт ирэхгүй зургаан сар болсны дараа 10 хоногийн өмнө ЕТГ-ын дарга бидэнтэй уулзаж "Та нарын тавиад байгаа шаардлага зөв юм байна. Ерөнхийлөгчид танилцуулаад хариу өгнө" гэсэн. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроос хариу ирээгүй л байгаа.

Хоёрдугаарт, Төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН-үүд 2016 оны эцсийн байдлаар 10,800,000,000,000 тэрбум төгрөгийн өр зээл, алдагдалтай байна. Энэ бол Монгол Улсын жилийн төсвөөс давсан мөнгөн дүн. Энэ их өр зээл өндөр үнэтэй бараа, үйлчилгээ шахдагтай холбоотой. Үүнийг яаралтай шалгах хэрэгтэй байна.

Гуравдугаарт, Өнөөгийн засаг барьж байгаа улс төрийн намууд төр барих чадамжгүй гэдэг нь дээрх хоёр нөхцөл байдлаас харагдаж байна. Тиймээс бүх улс төрийн намыг татан буулгаж, Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөөд нэг гараанаас эхлүүлье. Бодлогоор өрсөлддөг бодлогын нам болгоё гэж байгаа.

Бидний хувьд дээрх шаардлагуудаа иргэдэд танилцуулан гарын үсэг цуглуулж байгаа. Өглөө 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл энд байж гарын үсгээ цуглуулна. Иргэд дугаарлаад л гарын үсэг зураад байна. Эндэх суултаа 14 хоног үргэлжлүүлээд үр дүнд хүрэхгүй бол өлсгөлөнгийн хэлбэр рүү орно" хэмээн ярив.

М.Мөнгөнтуяа: Суултад оролцож буй иргэдийн ихэнх нь ахмадууд

 

Хан-Уул дүүргийн иргэн М.Мөнгөнтуяа "Манай гэрт МАНАН бүлгэмийн эсрэг эхний жагсаалын үеэр танилцсан, үзэл бодол нэгтэй хүмүүс байрлаж байна. Бидний ихэнх нь ахмад настнууд байгаа. Мөн хэд хэдэн аймгийн, орон нутгийн иргэдийн төлөөлөл ч байгаа.

Бид энэ суултыг өчигдрийн жагсаалын үргэлжлэл гэж ойлгон ямар нэгэн нам, ТТБ, хэн нэгэн олигархын биш ард түмний дуу хоолойг илэрхийлж байна. Бид М.Энхболдыг огцруулах, МАНАН-г арилгах, шударга ёсыг бий болгохыг шаардаж байгаа. Байнгын суултад оролцож байгаагаас гадна 140 гаруй иргэн бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зураад, гар утасны дугаараа үлдээж, шаардлага гарвал ирэхээ мэдэгдээд явсан.

Ер нь ажиглаж байхад тэтгэврийн насныхан их ирж байна. Бас ажилтай хүмүүс цайны цагаараа ирээд явж байгаа. Үдээс өмнө гэр хуваарилах үеэр үл ойлголцол үүсэж, эхнээс нь зохион байгуулж байсан хүмүүс ажлаа шилжүүлнэ гээд байгаа. Бид ийм юм аа л больчих хэрэгтэй байгаа юм. Нэгэнт зохион байгуулаад эхэлсэн юм бол үргэлжлүүлээд ажлаа дуусга л даа" гэлээ.

Суултад оролцож буй нам, ТББ-ууд, иргэдийн хувьд "Эндээ хонохгүй. Орой болтол гарын үсэг цуглуулж байгаад явна" хэмээсэн юм.

ФОТО