Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро ерөнхийлөгчийн суудалд суух хугацаагаа зургаан жилээр сунгалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн олон улс орны дарамт шахалтын дор 56 настай Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүллээ.

2013 онд өмнөх ерөнхийлөгч Уго Чавезыг нас барахад албан тушаалыг нь залгамжилсан тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард болсон будлиан, маргаантай сонгуулиар дахин сонгогдсон юм.

Мадурог нийслэл Каракас хотод тангараг өргөж байх үед АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео түүнийг хууль бус аргаар эрх мэдэл олж авсанд харамсаж, Венесуэльд ардчилсан ёсыг сэргэх хүртэл Вашингтон эдийн засгийн болон дипломат бүх хүчээ ашиглан шахалт үзүүлнэ гэж амлаж байв.

Европын Холбоо өнгөрсөн оны сонгуулийг “чөлөөт бус, шударга бус” гэж нэрлээд Мадурог ардчилсан бус сонгуулийн үр дүнд дахин ерөнхийлөгч болсон гэж мэдэгджээ.

Латин Америкийн орнууд мөн Мадурогийн дахин ерөнхийлөгчийн суудалд суусан явдлыг буруутгасан байна. Парагвай улс Венесуэлиэс дипломат харилцаагаа салгаж, Аргентины ерөнхийлөгч Маурисио Макри ерөнхийлөгч Мадурог “зовогчийн дүр эсгэсэн зовоогч” хэмээн хочилжээ.

Гэхдээ тангараг өргөсөн Николас Мадуро өөрийн холбоотнуудын өмнө 80 минутын турш үг хэлэхдээ АНУ болон Европын Холбоонд хариу цохилт өгсөн байна. Түүний тангарагийн ёслолд адилхан социалист үзэлтэй Никарагуагийн ерөнхийлөгч Даниэл Ортега, Боливийн ерөнхийлөгч Эво Моралес, Кубын ерөнхийлөгч Мигуэл Диаз Канел нар оролцсон юм.

“Манай ардчилал бол жинхэнэ, гүн гүнзгий, хувьсгалч ардчилал. Харин ард түмнийг шулж, эдийн засгийн том бүлэглэлүүдэд үйлчлэхийн тулд саятнууд нь эрх мэдлийг атгадаг элитүүдийн ардчилал биш. Николас Мадуро Морос би бол жинхэнэ ардчилсан ерөнхийлөгч мөн” гэж тэр хэлсэн байна.

Мадуро бас Латин Америкийн орнуудын улс төр барууны чиг хандлагатай болж байгааг шүүмжлээд Венесуэлийг АНУ-ын империалистууд болон түүний дагуул Латин Америкийн улсуудын бүслэлт дунд сөрөн тэмцэж байгаа улс гэж тодорхойлжээ.

Тэрээр хөрш Колумбын ерөнхийлөгч Иван Дюке, Бразилын шинэ ерөнхийлөгч Жайр Болсонару нарыг “фашистууд” гэж нэрлэсэн байна. Мадуро бас Европын Холбоо руу довтлохдоо “Хуучин колоничлогчийн, түрэмгийлэгчийн, арьс өнгөөр ялгаварлагчийн сэтгэлгээгээр ярихаа боль! Та нар биднийг 500 жил хангалттай боолчилсон. Одоо Венесуэлийг хүндлэх цаг чинь болсон! Үгүй бол удахгүй та нар түүхэн өрөө төлөх болно!” гэж хэлжээ.

Гэхдээ тэр бас зөвхөн гадаад дайснуудаа шүүмжилсэнгүй, дотоодын авлигачидтай тэмцэхээ амласан байна. “Би Боливарын хувьсгалыг шинээр эхлүүлэхийг хүсэж байна. Бидний гаргасан олон алдаа завхарлыг би засахыг хүсэж байна” гэж хэлсэн Мадуро авлигажсан албан тушаалтнууд бол АНУ-ын империализмаас илүү том аюул гэж тодорхойлжээ.

“Ёс суртахууны агуу хувьсгал” хийхээ амласан Мадуро “Бид бол агуу үйл хэргийг залгамжлагчид. Бид ялагдах ёсгүй, ялагдах ч үгүй” гэж хэлснээр үгээ төгсгөсөн байна.

 

Эх сурвалж: The Guardian