Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуны технологи ашиглан Трампын дүрсийг өөрчилж дамжуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хил хамгаалалтын асуудлаар ард түмэндээ хандаж телевизээр мэдэгдэл хийсэн юм. 

Америк даяар бүх телевизийн сувгууд энэ тухай мэдээлж байв. Тэгвэл Сиэтл хотын Seattle TV сувгийн мэдээллийн хөтөлбөрөөр Трампын хэлсэн үгийг дахин дамжуулах үеэр нэгэн алдаа гарчээ.

Хэн нэг нь дүрсийг дамжуулахдаа хиймэл оюуны “deepfake” гэгддэг технологийг ашиглаж, өөрчилсөн дүрсийг дамжуулсан байна. Өөрчлөгдсөн дүрсэн дээр Трамп үг хэлж байхдаа хэлээ гаргаж, уруулаа долоож байгаа юм.

Телевизийн редакц бодит дүрсийг хуурамчаар сольсон ажилтныг халж, хуурамч дүрс ямар аргаар студид нь нэвтэрснийг мөрдөн шалгаж байгаагаа мэдээлжээ.

Видео дүрсэнд хүний хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгийг “deepfake” технологи ашиглан өөрчлөх үзэгдэл сүүлийн үед түгээмэл болоод байгаа. Үүний гол хохирогчид нь улс төрчид, урлагийн алдартнууд болоод байна. Тухайлбал олны танил эмэгтэйчүүдийн царайг порно киноны жүжигчний нүүрний оронд байрлуулж, жинхэнэ мэт болгож харуулах явдал олон удаа гарсан юм.

Цаашдаа улс төрчдөөр хэлээгүй үгийг нь хэлүүлсэн видео дүрс бүтээж, сонгогчдын саналд нөлөөлөх вий гэсэн айдас улам нэмэгдэж байна.

 

Эх сурвалж: Russia Today