Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск Хятадад хайртайгаа илэрхийлж, Ли Көчянь ногоон карт санал болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр Шанхай хотын ойролцоо гадаад дахь анхны үйлдвэрийнхээ шавыг тавьсан Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн Лхагва гарагт Хятадын ерөнхий сайд Ли Көчяньд бараалхжээ.

Тэд хуучин Хятадын эзэн хааны цэцэрлэг байсан, одоо Коммунист Намын Бээжин дэх төв байр болдог Зоньнанхайд уулзсан байна. Уулзалтын үеэр Маск “Би Хятад оронд хайртай тул ойр ойрхон ирж байх хүсэлтэй” гэж ерөнхий сайдад хандаж хэлснийг засгийн газрын Gov.cn сайтад мэдээлжээ.

Хариуд нь Ли Көчянь “Тийм бол би танд Хятадад байнга оршин суух ногоон карт гаргаж өгье” гэж хэлсэн байна.

Хятадын ерөнхий сайд бас олон тэрбумын хөрөнгөөр босох үйлдвэрийн ажлаа эхлүүлсэнд нь Илон Маскад баяр хүргэжээ. Ли Көчянь “Бид танай компанийг сууриа сайн тавьж, зах зээлээ өргөжүүлээсэй гэж хүсэж байна. Хятадын зах зээлийг хөрөнгө оруулагчдад нээх, Хятад-Америкийн харилцааг хөгжүүлэхэд Тесла компани хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Маск үйлдвэр байгуулах ажил нь ийм хурдан эхэлнэ гэж төсөөлөөгүй байснаа хэлээд Хятад улсын хөгжлийн хурдыг мэдрээд гайхаж байгаагаа илэрхийлжээ.

Тэр бас Шанхай дахь үйлдвэрээ дэлхийн хамгийн шилдэг технологитой үйлдвэр болох бөгөөд Хятадын зах зээлийн эрэлтэд хамгийн сайн нийцсэн бүтээгдэхүүн гаргахаа амласан байна.

Энэ бол Хятадын удирдлагуудтай уулзаж буй Илон Маскын анхны тохиолдол биш. Тэрээр өнгөрсөн оны долдугаар сард үйлдвэрийнхээ асуудлаар Бээжинд Хятадын дэд ерөнхийлөгч Ван Чишаньтай уулзаж байв.

Яг одоо Бээжинд Хятад-Америкийн засгийн газрын төлөөлөгчдийн худалдааны хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд үр дүн сайн байгааг мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: South China Morning Post