Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын хамгийн том порно сайтыг үүсгэн байгуулагчид хорих ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хамгийн том порно сайт Soranet-ийг үүсгэн байгуулагчдын нэгийг энэ долоо хоногт шүүж, дөрвөн жил шоронд хорих ял оноосон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Хэвлэлүүд Сон гэж нэрлэж байгаа эмэгтэй Soranet-ийг 1999 онд нөхөр болон өөр нэг хосын хамт үүсгэн байгуулж байсан юм. Гадаадад сервер нь байрладаг уг сайтад хувь хүмүүс өөрсдийн буулгасан зураг, видеог нийтэлж, хоорондоо хуваалцдаг байв.

Оргил үедээ нэг сая гаруй тогтмол хэрэглэгчтэй болоод байсан Soranet сайтыг 2016 онд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч байгууллагуудын шаардлагаар хааж байжээ.

Сөүл хотын төв тойргийн шүүх дүгнэлтдээ “Тус сайт нь манай нийгэмд нүдэнд харагдах, үл харагдах ямар их хэмжээний хор хүргэснийг хэмжих аргагүй” гэсэн байна.

Өмнөд Солонгост порно материал түгээх үйлдэл хууль бусад тооцогддог боловч гадаадад байрлуулсан сервер ашиглан түгээхийг бүрэн хориглож чаддагүй.

Тус улсад нууц камер ашиглаж үүсгэсэн охид бүсгүйчүүдийн дүрс бичлэгийг интернэтээр тараах явдал түгээмэл болсон. 2012-аас 2017 оны хооронд Өмнөд Солонгост ийм бичлэг хийгээд баригдсан 16,201 хүний 98 хувь нь эрчүүд, бүртгэгдсэн 26,000 хохирогчийн 84 хувь нь эмэгтэйчүүд байсан гэх цагдаагаас гаргасан тоо баримт байдаг.

Өнгөрсөн онд ерөнхийлөгч Мүүн Жэ Ин нууц камераар бичлэг хийх үзэгдэл тус улсын “өдөр тутмын амьдралын нэг хэсэг” болсныг хүлээн зөвшөөрөөд ийм хэрэг үйлдсэн хүмүүст хатуу шийтгэл оноодог болохыг уриалж байв.

Одоо Сөүл хотын нийтийн бие засах газруудад өдөр бүр захиргааны ажилтнууд нууц камер суурилуулсан эсэхийг шалгадаг болоод байна.

Сая хорих ялаар шийтгүүлсэн Сонд бас 1.4 тэрбум воны торгууль оноож, бэлгийн хүчирхийллийн талаар боловсрол олгох 80 цагийн хичээлд суулгахаар болжээ.

Одоо 46 настай Сон 2015 онд Soranet-ыг шалгаж эхлэх үед Шинэ Зеланд руу зугтсан юм. Гэвч засгийн газар паспортыг нь хүчингүй болгосны дараа өнгөрсөн оны зургаадугаар сард өөрөө ирж баривчлагдсан байна.

Шүүх хурлын турш Сон өөрийгөө буруугүй хэмээн мэдүүлж, өөрийн нөхөр болон бусад хоёр үүсгэн байгуулагчийг Soranet-ын үйл ажиллагааг голлон хариуцаж байсан хэмээн буруутгаж байжээ.

Түүнтэй хамтран ажиллаж байсан хүмүүс одоо гадаадад нуугдаж байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian