Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост дахин нэг таксины жолооч өөрийгөө шатааж амиа алдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост гар утасны аппликэшнд суурилсан таксины шинэ үйлчилгээг эсэргүүцсэн бас нэг жолооч өөрийгөө шатааж амиа алджээ. Сөүлийн төв хэсгийн Гванхвамун өртөөний ойролцоо өчигдөр орой такси шатаж, биеийн ихэнх хэсэг нь гүн түлэгдсэн жолоочийг эмнэлэгт хүргэсэн байна.

Жолооч өнөөдөр өглөө эмнэлэгт шархаа даалгүй нас баржээ.

Өнгөрсөн сард Сөүлийн таксины 57 настай жолооч мөн өөрийгөө шатааж амиа алдаж байв. Өнөөдөр амь үрэгдсэн жолооч 64 настай байжээ.

Талийгаачийн харьяалагддаг такси компанийн үйлдвэрчний эвлэлийнхэн түүнийг дөрвөн хуудас гэрээслэл бичиж үлдээсэн тухай мэдээлсэн байна.

Гэрээслэлдээ тэр Какао компанийн нэвтрүүлэх гэж байгаа Kakao T такси захиалгын үйлчилгээг эсэргүүцэж байгаагаа, мөн такси жолоодож амьдралаа залгуулах улам хэцүү болж байгаа тухай бичсэн байсан гэнэ.

Үйлдвэрчний эвлэлийнхэн өнөөдөр үдээс хойш Өмнөд Солонгосын парламентын ордны гадна хэвлэлийн хурал зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Шинэ үеийн таксины үйлчилгээ уламжлалт салбарынхны орлогыг хаана гэж үзсэн жолооч нар сүүлийн саруудад гурван удаа томоохон эсэргүүцлийн цуглаан зохион байгуулаад байна.

Жолооч нарын тэмцэлтэй холбоотойгоор Какао компани үйлчилгээнийхээ албан ёсны нээлтийг хойшлуулаад байгаа юм.

 

Эх сурвалж: Yonhap News