Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ЗХУ-ын сүүлчийн удирдагч нарын нэг Анатолий Лукьянов 88 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Дээд Зөвлөлийн сүүлийн дарга асан Анатолий Лукьянов 88 насандаа таалал төгссөн болохыг Лхагва гарагт ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ.

1980-аад оны үед Коммунист Намын дээд алба хашиж байсан тэрээр Михайл Горбачевын зөвлөх байсан юм. Тэд бие биеэ оюутан байхаасаа мэддэг байжээ.

Горбачевыг 1990 онд ЗХУ-ын анхны ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Лукьянов түүийг залгамжилж Дээд Зөвлөлийн дарга болж байв.

Горбачевын өөрчлөн байгуулалтын гол хэрэгжүүлэгчдийн нэг байсан гэгддэг Лукьянов сүүлдээ түүний бодлогыг хүчтэй шүүмжлэгч болсон юм. 1991 оны наймдугаар сард хатуу чиг шугам баримтлагч коммунистууд Горбачевын эсрэг төрийн эргэлт хийхийг завдаж байв. Тэд Зөвлөлтийн ерөнхийлөгчийг гэрийн хорионд суулгаж, Москвагийн төвд танкууд оруулжээ.

Гэвч тухайн үед ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан Оросын удирдагч Борис Елцинийг дэмжигч мянга мянган хүн танкуудын замыг хааж, төрийн эргэлт хийх оролдлогыг зогсоосон юм.

Үр дүнд нь Коммунист Намын 70 гаруй жил үргэлжилсэн засаглал төгсгөл болж, Зөвлөлт Холбоот Улс задарсан байна.

Лукьянов коммунистуудын төрийн эргэлтэд шууд нэр холбогдоогүй ч тэдний үйл ажиллагааг дэмжсэн гэх шалтгаанаар шоронд хоригдож, жил гаруй хугацааны дараа суллагдаж байжээ.

Тэрээр 1993 онд одоогийн Оросын Коммунист Намыг Геннадий Зюгановын хамт үүсгэн байгуулалцаж, 1993-2003 онд ОХУ-ын Төрийн Думд сонгогдон ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС, AFP