Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Бухимдсан Эрдоган АНУ-ын төлөөлөгчийг хүлээн авч уулзахаас татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бодлогын зөвлөх Жон Болтон Турк улсад айлчилж, Сириэс цэргээ гаргасных нь дараа Курдуудын эсрэг довтлохгүй байх амлалтыг Анкарагийн эрх баригчдаас авахаар хэлэлцэж байна.

Тэрээр Туркийн ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ибрахим Калинтай өчигдөр хоёр цаг уулзаж ярилцсан юм. Харин уулзалтын дараа Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган “Жон Болтон ноцтой алдаа хийлээ. Бид энэ асуудлаар ямар ч буулт хийхгүй” гэж нэлээд бухимдалтай мэдэгджээ.

 
Жон Болтон Туркийн ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзлаа.

АНУ-ын цэрэг гарсны дараа Сирийн зүүн хойд хэсгийг хянаж байгаа Курдын зэвсэгт бүлэглэл хүнд байдалд орохоор байгаа юм. Туркийн цэрэг энэ бүсэд нэвтэрч, террорист гэж өөрсдийн үздэг Курдуудыг нухчин дарах төлөвлөгөөтэй байгаа.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Гаррет Маркиз талууд цаашид өрнөх яриа хэлэлцээрийн цар хүрээгээ тодорхойлсон гэж уулзалтын үр дүнгийн талаар мэдэгджээ.

Харин Туркийн тал Курдын асуудлаар АНУ-тай байр суурь зөрчилдөж байгааг, бас Эрдоган, Болтон нарын төлөвлөж байсан уулзалт цуцлагдсаныг мэдээлсэн байна.

Туркийн ерөнхийлөгчийн дотоод ажил давхцсан тул Эрдоган Болтоныг хүлээн авч уулзахгүй болсон гэж Маркиз тайлбарлажээ. Харин Эрдоган өөрөө сүүлд мэдэгдэхдээ “Болтонтой уулзах хэрэгцээ байхгүй” гэж хэлсэн байна.

Эрдоган Сирид террорист ажиллагаа явуулж байгаа этгээдүүд зохих шийтгэлээ хүртэх ёстой гэж хатуу мэдэгдсэн юм. Трампын өнгөрсөн сард гаргасан Сириэс цэргээ гаргах гэнэтийн шийдвэр АНУ-ын холбоотнуудыг хүнд байдалд оруулсан.

Тэдгээрийн дотроос хамгийн хүнд цохилт амссан нь АНУ-ын холбоотон Сирийн Курдын зэвсэгт бүлэг байсан юм. Трампын шийдвэртэй санал нийлээгүй Пентагоны тэргүүн Жэймс Мэттис огцрох шийдвэр гаргаж байв.

Турк улс өөрийнхөө нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Курдын Ажилчны Намыг 1997 онд террорист байгууллагаар зарлаж, үйл ажиллагааг нь хориглох болсон юм. Тэгвэл энэ удаа Турк улс Сири дэх Курдын зэвсэгт бүлгийг энэ байгууллагын холбоотон гэж үзээд АНУ-ын цэргийг гарсны дараа тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулахаар зэхэж байна.

 

Эх сурвалж: Reuters