Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ангела Меркелийн хувийн мэдээллийг нийтэд дэлгэсэн хакер баригджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Германы хэдэн зуун улс төрчийн гэрийн хаяг, утасны дугаар, чатын түүх зэрэг хувийн мэдээллүүд твиттер сүлжээнд нийтлэгдэж эхэлсэн юм.

Тэдний дотор канцлерь Ангела Меркель ч багтаж байв. Харин өчигдөр Германы эрх баригчид уг мэдээллийг задруулсан этгээдийг олж баривчилснаа зарлажээ. Хэргийг үйлдсэн этгээд нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг, 20 настай залуу байсан гэнэ.

Тэр Германы улс төрийн амьдралд сэтгэл дундуур байгаагаа ийнхүү харуулсан юм байна. Гэхдээ тэр парламентад суудалтай зургаан намаас тавыг нь онилж, ганцхан хэт барууны үзэлтэй намыг орхижээ.

Засгийн газрын дотоод сүлжээний нууцлал муу байдгийг ашиглан харьцангуй энгийн аргаар нэвтэрснийг тогтоосон байна.

Германд 21 наснаас эхлэн насанд хүрсэнд тооцдог тул хакер залуу ял шийтгэл сонсолгүй өнгөрч магадгүй байгаа гэнэ. Хэрвээ насанд хүрсэн хүн ийм хэрэг үйлдвэл гурав хүртэл жил шоронд хоригддог.

Зөвхөн улс төрчдөд бухимдсан шалтгаанаар, ганцаарчлан ийм хэрэг үйлдсэн этгээд илэрсэнд Германы эрх баригчид үнэндээ дотроо баяртай байна. Учир нь тэд энэ хэргийг гадны улс орнуудын зүгээс явуулсан нууц ажиллагаа гэж сэжиглэн болгоомжилж байсан юм.

 

Эх сурвалж: New York Times