Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэй оюутнууд нь хэр амархан “урхинд ордгоор” нь Японы их сургуулиудыг эрэмбэлсэн сэтгүүл уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Японы долоо хоног тутмын “Spa!” сэтгүүл өнгөрсөн сарын 25-нд тус улсын их сургуулиудыг эмэгтэй оюутнууд нь хэр амархан эрчүүдтэй танилцаж, дотно харилцаанд ордгоор нь үнэлж, эрэмбэлсэн жагсаалтыг нийтэлжээ.

Ийм жагсаалт гаргасан нь иргэдийг бухимдуулж, удалгүй нэг эмэгтэй онлайн орчинд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн юм.

Тэрээр change.org платформд “эмэгтэй хүнийг сэксийн объект” болгох явдлыг эсэргүүцсэн гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлсэн нь өчигдрийн байдлаар 35,000 хүнийг нэгтгэжээ.

Тэгвэл “Spa!” сэтгүүлийн редакц өчигдөр буюу Мягмар гарагт олон нийтээс уучлал гуйсан байна. Гэхдээ тэд асуудалтай дугаараа худалдаанаас буцааж татах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Сэтгүүлийн нийтлэлд Японд гяраноми гэгддэг эрчүүд эмэгтэйчүүдээ уух ундаагаар дайлдаг үдэшлэгийн тухай мэдээлсэн байв.

Уг нийтлэлдээ бусад хүмүүсээс ярилцлага авах замаар аль их сургуулийн эмэгтэй оюутнууд энэ үдэшлэгийн урилгыг хамгийн нааштай хүлээн авж, арганд нь ордог тухай бичжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Япон улс эмэгтэйчүүдийн улс төр, бизнест оролцох оролцоогоор хамгийн доогуур жагсдаг. Одоо дэлхий даяар ид өрнөж байгаа #MeToo эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг илчлэх хөдөлгөөн Японд төдийлөн газар авч чадахгүй байгаа.

Өнгөрсөн онд тус улсын тэргүүлэх анагаах ухааны их сургууль эмэгтэй элсэгчдийн хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй байх нууц бодлого баримталж, элсэлтийн шалгалтын дүнг нь засварладаг байсан нь илэрсэн билээ.

 

Эх сурвалж: AFP