Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Бөхчулуун: Өнгөрсөн онд улсын хэмжээнд 10,000 гаруй мал хулгайн замаар алдагдсан

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сар шинийн баяр дөхөхөөр мал хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Энэ талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

Малчин хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг үйл ажиллагаа бол малын хулгай

Эрүүгийн цагдаагийн албаны мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Бөхчулуун "2018 онд мал хулгайлах гэмт хэрэгтэй холбоотой 1,360 гаруй гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оноосоо буурсан. Эдгээрийн 80.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Нийтдээ 1,100 орчим хэрэг бүртгэлтийн хэрэг шалгаж байна. Малын хулгай орон нутагт үйлдэгддэг. Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх үйл ажиллагаа орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа. Гэвч малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн мах нийслэл хот, төв суурин газарт зарагддаг. Нийслэлийн цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газартай эрүүгийн цагдаагийн алба хамтарч ажиллаж байгаа. Энэ гэмт хэрэг улирлын чанартай үйлдэгддэг.

Ялангуяа сар шинийн үеэр бууз, банш, ууц, өвчүүний хэрэглээ нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор малын хулгай идэвхжих хандлагатай байдаг. Өмнөх онд улсын хэмжээнд 10,000 гаруй мал зөвхөн гэмт хэргийн замаар алдагдсан. Малчин хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлдэг үйл ажиллагаа бол малын хулгай. "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын чанартай зам, малын гаралтай бүтээгдэхүүн борлуулж байгаа цэгүүдэд гарал үүслийн чиглэлээр хяналт шалгалт хийнэ" гэв.

Малын гарал үүслийн бичиг, мах тээвэрлэх зөвшөөрлийг шалгах ажил эрчимжинэ

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар "Цагаан сар дөхөхөөр томоохон худалдааны төвүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, халаас, автомашинаас эд зүйлээ алдаж байгаа гэмт хэргүүд нэмэгддэг. Тиймээс тухайн ААН харуул хамгаалалт гаргасан эсэх, хяналтын камер ажиллуулж буй эсэхийг цагдаагийн байгууллага шалгана. Гэмт хэрэг гарсан обьектод дахин гэмт хэрэг үйлдэгдэж байна уу үгүй юу гэдгийг шалгана. Шалгаад хуулийн дагуу тухайн байгууллагад мэдэгдэл өгнө. Мэдэгдлийн дагуу ямар ажил зохион байгуулж, үр дүнд хүрснийг тооцно.

Зарим ААН камергүй, зогсоолууд нь харуул хамгаалалтгүй байдаг. Эндээс иргэд түрийвч гар, утсаа алдах нь их байдаг

Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэл рүү орж, гарах цэгүүдийн цагдаагийн пост дээр малын гарал үүслийн бичиг, мах тээвэрлэх зөвшөөрлийг шалгах ажил эрчимжинэ" хэмээн ярилаа.