Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн улиралд ашиг нь огцом буурахаар байгааг Самсунг урьдчилж мэдэгдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ухаалаг гар утасны санах ойн чипний эрэлт буурсантай холбоотой сүүлийн улирлын ашиг нь огцом буурахаар байгааг Самсунг Электроникс компани өнөөдөр мэдээлжээ.

2018 оны сүүлийн гурван сард тус компанийн ашиг 10.8 их наяд вон ($9.7 тэрбум) болж, өмнөх улирлаас 29 хувийн бууралттай байхаар урьдчилан тооцоолсон байна.

Хагас дамжуулагч эд ангийн эрэлт зах зээлд өндөр байсантай холбоотой улирал бүр өндөр ашигтай ажиллаж ирсэн Самсунг ийнхүү сүүлийн хоёр жилийн хугацаанд анх удаагаа огцом уналттай тулгарч байна.

Мөн Apple, Хятадын гар утас үйлдвэрлэгчдийн зүгээс хүчтэй өрсөлдөөн явуулж байгаа нь санхүүгийн тааруу үр дүнд хүргэсэн гэж дүгнэжээ.

“Санах ойн бизнесийн орчин хүндэрсэнтэй холбоотой 2019 оны нэгдүгээр улиралд ашгийн түвшин энэ хэвээр үргэлжлэх төлөвтэй байна” гэж Самсунг Электрониксийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн улирлын борлуулалтын хэмжээг өмнө нь төсөөлж байснаас 11 хувиар бага буюу 59 их наяд вон болно гэж тооцоолжээ.

Улирлын эцсийн үр дүнгээ Самсунг энэ сарын сүүлээр нийтэд танилцуулах юм. Технологийн компаниудын орлого ашигт АНУ-тай хийж буй худалдааны дайнаас үүссэн Хятадын эдийн засгийн удаашрал нөлөөлж байна.

Өнгөрсөн долоо хоногт Apple компани мөн Хятадын зах зээлийн өөрчлөлтөөс хамааралтай санхүүгийн тааруу үр дүн танилцуулахаар байгаагаа урьдчилан мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: BBC