Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун нэг жилийн дотор дөрөв дэхь удаагаа Ши Жиньпинтэй уулзлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр дөрөв дэхь удаагаа Хятадад айлчилж, тус улсын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж байна.

Түүнийг Ши Жиньпиний урилгаар айлчилж байгаа хэмээн Хятад, Умард Солонгосын албаны эх сурвалжууд мэдээлжээ. Умард Солонгосын удирдагчийн хуягласан галт тэрэг өчигдөр орой Пёньянаас хөдөлсөн юм. Тэгвэл өнөөдөр өглөө Бээжин хотын төв вокзалд ирж зогссон байна. 

Ким Жон Ун тэргүүтэй төлөөлөгчид Пүрэв гарагийг хүртэл Хятадын нийслэлд саатах ажээ.

Хоёр орны удирдагчид удахгүй болох Трамп-Кимийн хоёр дахь уулзалтын өмнө нэгдсэн ойлголцолд хүрэх, хэлэлцээрийн тактикаа тохиролцох зорилготой гэж ажиглагчид дүгнэж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард Ким Жон Ун анх удаа Хятадад айлчилсныхаа дараа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй дөрөвдүгээр сард түүхэн уулзалт хийсэн билээ.

Мөн зургаадугаар сард Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахын өмнө тэр Дальян хотод Ши Жиньпинтэй уулзаж байв.

2018 онд Ким Жон Ун нийтдээ гурван удаа Хятадын төрийн тэргүүнтэй уулзсан юм.

Умард Солонгосын дэглэм тус улсын эсрэг тавьсан АНУ-ын болон НҮБ-ын эдийн засгийн хоригийг цуцлуулахаар идэвхтэй ажиллаж байгаа. Гэвч Вашингтоны засаг захиргаа Пёньяныг цөмийн зэвсгээ бүрэн хураалгах хүртэл хориг цуцлах ямар нэг алхам хийхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа билээ.

Трамп-Кимийн хоёр дахь уулзалт Вьетнамын нийслэл Ханойд болж магадгүй гэсэн мэдээлэл өчигдөр Өмнөд Солонгосын зарим хэвлэлээр цацагджээ.

 

Эх сурвалж: Russia Today