Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бүрэнбаатар: "Сар шинэ 2019" арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн ерөнхий газраас "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээг эхлүүлжээ. Цагаан сарын баяр болохын өмнө хулгайн гэмт хэрэг нэмэгддэг. Энэ үеэр хэрхэн ажиллах талаараа ярилаа.

Хулгайн гэмт хэргийн 77 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгддэг

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатар "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээг өчигдрөөс улсын хэмжээнд эхлүүлсэн. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. 

Ингэхдээ замын хөдөлгөөн, томоохон худалдааны төвүүд, орон нутгийн зам, хөдөө орон нутгаас ирж, очих чиглэлийн хяналт гэсэн чиглэлээр ажиллах юм. 

Мөн хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээнүүдийг явуулна.

Монгол Улсад үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 40 орчим хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн шинжтэй бүртгэгдэж байгаа гурван дуудлагын нэг нь хулгайн гэмт хэрэг.

Цагдаагийн байгууллагаас хулгайн гэмт хэргийг бууруулахаар үе шаттайгаар олон арга хэмжээг явуулж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Хулгайн гэмт хэргийн 77 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгддэг. Өнгөрсөн онд нийслэл болон дүүргүүдийн цагдаагийн газраас Улаанбаатарт гарч байгаа хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр камержуулалт болзолт уралдааныг өрнүүлсэн. 2019 онд ч үргэлжлэн явагдана. 

Хөдөө орон нутагт хулгайн гэмт хэрэг буурахгүй, цаашид өсөх хандлагатай байна. Иймд цагдаагийн байгууллага иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хулгайн гэмт хэргийг бууруулах чиглэлээр үе шаттайгаар арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна".

Халаасны хулгайн гэмт хэрэг өссөн

Хулгайн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Б.Энхбат "2017 оны статистик мэдээг 2018 оныхтой харьцуулахад хулгайн гэмт хэргийн гаралт өссөн. 2018 онд нийслэлийн хэмжээнд 17,000 гаруй хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд хулгайлах гэмт хэргийн тоон үзүүлэлт 22,000 байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өссөн дүнтэй байгаа.

Иймээс хулгайн гэмт хэргийг илрүүлэх шийдвэрлэх, тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас олон талын арга хэмжээ авч байгаагийн нэг нь "Сар шинэ" нэгдсэн арга хэмжээ юм.

Нийслэлийн хэмжээнд хувийн өмчийн хулгай 2017-2018 онд 4.3 хувиар өссөн. Халаасны хулгайн гэмт хэрэг өссөн. Нийт хулгайн гэмт хэргийн 77 хувь нь нийслэлд үлдсэн 23 хувь нь орон нутагт гарч байна" гэсэн мэдээллийг өглөө.