Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батдэлгэр: Улстөрийн үймээн дунд ЖДҮХС-гийн асуудал мартагдах нь

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Улстөрийн үймээн дунд ЖДҮХС-гийн асуудал мартагдах нь. Тиймээс эргэн сануулах зорилгоор бид өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна” хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хэллээ.

Тус холбооноос ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын зээлийн эргэн төлөлт болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж буй юм.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр “ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөр 30-40 тэрбум төгрөг цугларсан байгаа харагдаж байгаа. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг нь Сангийн яам татсан. Энэ ямар учиртайг тодруулах ёстой” гэдгийг мэдээллийн эхэнд дурдлаа. 

Мөн тус холбоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол гаргахаар болжээ. Учир нь нэр бүхий яамд болон Капитал банктай байгуулсан нууц гэрээг цуцалж өгөхийг хүсэж байна.

Энэ талаар Б.Батдэлгэр “2016 оноос өмнө ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкуудаар олгодог байсан. Ингэхэд Капитал банктай 2011 онд таван жилийн хугацаатай гэрээ хийсэн, мөн 2016 онд гэрээ байгуулсан.  Энэ гэрээний хугацаа дуусах үеийн үлдэгдэл нь 46 тэрбум төгрөг бөгөөд гэрээний хугацаа дуусмагц ЖДҮХС-д орох ёстой байв. Гэвч тус банк мөнгөө өгөөгүй.

Харин 2017 оны аравдугаар сарын 15-нд Сангийн яам, ХХААХҮЯ болон тус банк нууц гэрээ хийж, өмнөх гэрээгээ хүчингүй болгосны дээр алданги тооцоход хоногийн 0.014 хувь байхаар заасан байгаа.Энэхүү гэрээг АТГ-д хандан шалгуулж байгаа” гэлээ. 

УИХ-ын зарим гишүүн ЖДҮХС-гаас авсан зээлээ бүрэн төлжээ
 
Гэрэл зургийг mpa.mn

ЖДҮХС-гийн өнгөрсөн оны сүүлийн хоёр сарын эргэн төлөлтийн талаар Баялаг бүтээгчдийн дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр ийнхүү мэдээлэв. Тэрбээр,

  • Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард-УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар зэрэг гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээлээ бүрэн төлсөн. Харин “Түгээмэл түмэн хишиг” хэмээх УИХ-ын гишүүн А.Сүхбатын хамаарал бүхий компани 141 саяыг эргэн төлсөн байна. Мөн Б.Ундармаа гишүүн өнгөрсөн жил авсан 800 сая төгрөгийн зээлээ бүрэн төлсөн.
  • Арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүний О.Батнасангийн хамаарал бүхий компани 250 сая төгрөг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү гэгдээд буй У.Давхарбаярын “Жаргалант Мах импекс” ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ 100 сая төгрөгийг тус тус төлөөд байгаа гэлээ. 

Харин яам, агентлагт ажиллаж байсан өндөр албан тушаалтнууд одоогоор зээлээ эргэн төлөөгүй аж.