Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Италийн удирдагчид Францын “шар хантаазтан” тэмцэгчдийг дэмжлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Италийн эвслийн засгийн газрыг тэргүүлж байгаа Луйжи Ди Майо (зүүн гар талд), Маттео Сальвини нар

Хөрш Франц улсад өрнөж байгаа “шар хантаазтан” иргэдийн тэмцлийг дэмжиж байгаагаа Италийн эрх баригч хүчний гол хүмүүс өчигдөр зарлажээ.

Тухайлбал Италийн засгийн газрын шадар сайд Луйжи Ди Майо намынхаа блогт “Шар хантаазтануудаа, битгий шантраарай!” гэж бичсэн байна. Тэр засгийн газрыг бүрдүүлж байгаа эвсэлд багтдаг Таван Од Хөдөлгөөн хэмээх уламжлалт тогтолцоог эсэргүүцэгч байгууллагын тэргүүн юм.

Ди Майо Францын засгийн газрыг элитүүд, хөрөнгөтнүүдийг хамгаалдаг гэж буруутгажээ.

Энэ явдлын дараа Италийн дотоод хэргийн сайд, цагаачлалыг эсэргүүцэгч, хэт барууны Лига намын дарга Маттео Сальвини мөн шар хантаазтануудыг дэмжсэн мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр саяхан Францын засгийн газар тэмцлийг хүчээр зогсоох гэж оролдсоныг хатуу шүүмжлээд “Ард түмнийхээ эсрэг ажилладаг ерөнхийлөгчтэй тэмцэж байгаа шударга иргэдийг би дэмжиж байна” гэж хэлжээ.

“Бусад улсуудын нэгэн адил Францын эрх баригчид өөрийн хөрөнгө, эрх мэдэлтэй хэсгийн эрх ашгийг хамгаалж байна. Эммануэл Макроны засгийн газар ард түмний эрх ашгийн эсрэг ажиллаж, зарим бодлого нь бүр Фанцад төдийгүй нийт Европт аюул учруулж байна” гэж Ди Майо бичсэн байна.

Тэрээр уг хандлагыг Италид зогсоож чадсаныг дурдаад Францчуудыг бас ингэхийг уриалжээ.

Макроны бодлогыг шүүмжилж эсэргүүцсэн 50,000 орчим иргэн өнгөрсөн Бямба гарагт Францын хэд хэдэн хотод жагссан юм. Арваннэгдүгээр сарын дундуур шатахууны татвар нэмэхийг шүүмжилж эхэлсэн хөдөлгөөн өнөөдөр Эммануэл Макроны бодлогыг эсэргүүцсэн өргөн хүрээний тэмцэл болоод байна.

Өнгөрсөн оны зургаадугаар сард Италид болсон сонгуулиар хэт барууны үзэлтнүүд ардчилагчдыг ялж, хамтарсан засгийн газраа байгуулсан юм. Италийн засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон болон Европын Холбооны удирдлагуудтай хэд хэдэн удаа санал зөрөлдөж, харилцаа сайнгүй байна.

 

Эх сурвалж: AFP