Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээсээ зугтаж яваа Саудын Арабын харьяат охиныг НҮБ хамгаалалтдаа авжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Гэр бүлийнхээ хатуу дарамтанд амьдардаг Саудын Арабын харьяат өсвөр насны охин хэд хоногийн өмнө Тайландад оргож ирсэн юм.

Тэр гэр бүлийнхний хамт Кувейтэд аялж явахдаа зугтсан байна. 18 настай Рахаф Мохаммед Аль Кунун Австралид орогнол хүсэх гэж байгаа бөгөөд Тайландаар дамжин өнгөрөхдөө Ням гарагт саатуулагдаад байв. Саудын Арабын засгийн газрын хүсэлтээр түүнийг Тайландад саатуулсан гэх мэдээлэл байна. Тайландын цагаачлалын албаныханд баривчлагдаж, Саудын Араб руу хүчээр буцахаас айсан охин нисэх буудлын зочид буудлын өрөөнд хориглолт хийж, өөрийгөө НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан төлөөлөгчтэй уулзуулахыг шаарджээ.

Энэ хооронд тэр твиттер сүлжээгээр тусламж гуйж байгаагаа зарласан нь томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан байна. Өчигдөр буюу Даваа гарагт Тайландын албаныхан түүнд “хүч хэрэглэхгүй” гэдгээ амлаж, НҮБ-ын төлөөлөгчтэй уулзуулжээ.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан төлөөлөгч Кунуныг гуравдагч оронд орогнол хүсэх хүртлээ Тайландад түр байх болсныг мэдээлсэн байна.

Кунуны баталж байгаагаар хэрвээ Саудын Араб руу буцаавал гэр бүлийнхнийхээ гарт амиа алдах нь бараг 100 хувь тодорхой болсон гэнэ. 

Исламын хатуу ёсыг дагадаг гэр бүлд өссөн Кунун “Манай гэрийнхэн намайг үсээ тайруулсны төлөө зургаан сар гэрт хорьж байсан” гэж ярьжээ. Саудын Арабт гэр бүлийнхээ нэр хүндийг сэвтүүлсэн охидын амийг хөнөөдөг “нэр төрийн аллага” гэх ёс байдаг. Өөрөөр хэлбэл эцэг, ах нар нь ёс бус зан ааш, үйлдэл гаргаж, удам судрын нэр хүндийг гутаасан охиныхоо амийг хөнөөх эрхтэй бөгөөд үүнийхээ төлөө шийтгэл хүлээдэггүй.

Тиймээс Кунуныг нутагт нь буцаавал ийм аллагын золиос болох нь тодорхой болоод байгаа гэнэ.

Австралийн засгийн газар хэрэг явдлыг анхааралтай ажиглаж байгаа, Бангкок дахь элчин сайдаа НҮБ болон Тайландын албаныхантай уулзуулсан тухай мэдээлсэн байна. 

Сэтгүүлч Жамал Хашоггийн амийг зэрлэгээр хөнөөсөн тухай дуулианаас хойш Саудын Арабыг тойрсон дахин нэг таагүй мэдээ ийнхүү дэлхий нийтэд цацагдлаа.

 

Эх сурвалж: AFP