Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун галт тэргээр Хятадад айлчилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун галт тэргээр Хятадад айлчилж явааг албаны эх сурвалжууд баталлаа.

Даваа гарагийн өглөө тусгай хамгаалалттай галт тэрэг Умард Солонгосоос Хятадын нутагт нэвтэрсэн байна. Удалгүй Синьхуа агентлаг болон Умардын төв хэвлэлүүд галт тэргэнд Ким Жон Ун явааг баталсан юм.

Галт тэрэг Мягмар гарагийн өглөөний 10 цагийн орчимд Бээжинд хүрэхээр байна. Ким Жон Уныг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний урилгаар айлчилж байгаа гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Тэрээр Пүрэв гараг хүртэл Бээжинд саатах юм байна. Ким Жон Уныг гэргий Ри Сол Жу болон албаны бусад хүмүүс дагалдаж байгаа гэнэ.

Умард Солонгосын удирдагч улс орных нь эсрэг хэрэгжиж байгаа НҮБ-ын эдийн засгийн хоригийг цуцлуулах асуудлаар Ши Жиньпинээс дэмжлэг хүсэх, ядаж л Ши Жиньпиний хандлагыг тандах зорилготой Бээжинд айлчилж байгаа хэмээн ажиглагчид дүгнэсэн байна.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа хилийн дээс алхаж, галт тэргээр Бээжинд айлчилж байв. Тэр 2018 онд нийтдээ гурван удаа Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзсан юм.

Ким Жон Ун удахгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа уулзах гэж байгаа. Тэдний хоёр дахь уулзалтыг Вьетнамын нийслэл Ханойд болж магадгүй гэсэн мэдээлэл өчигдөр Өмнөд Солонгосын хэвлэлд нийтлэгджээ.

Ши Жиньпин бас ойрын үед Пёньянд айлчилж болзошгүй байгаа. Хэрвээ тэгвэл 2005 оноос хойш Хятадын төрийн тэргүүн анх удаа Умард Солонгост хөл тавьсан тохиолдол болох юм.

 

Эх сурвалж: Reuters