Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани гадаад дахь анхны үйлдвэрийнхээ шавыг Шанхайд тавилаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэгч Тесла компани Хятадын Шанхай хотын ойролцоо үйлдвэр байгуулах шав тавилаа.

Энэ нь тус компанийн анхны гадаад дахь үйлдвэр болох юм. Шав тавих ажиллагаанд оролцсон Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск шинэ үйлдвэр 2019 оны сүүлээр Model 3 загварын үйлдвэрлэлээ эхлүүлнэ гэж мэдэгджээ.

Шинэ үйлдвэр байгуулахад нийтдээ $5 тэрбумыг зарцуулж байгаа нь Шанхай хотын хувьд хамгийн том гадаадын шууд хөрөнгө оруулалт болж байна.

Gigafactory 3 гэж нэрлэж байгаа үйлдвэрийг байгуулах газрыг дөнгөж гурван сарын өмнө худалдаж авсан юм. Уг үйлдвэр Хятадын зах зээлд хямд үнэтэй Model 3, Model Y загваруудыг үйлдвэрлэж нийлүүлэх юм байна.

Харин үнэтэй загварууд нь АНУ-д үйлдвэрлэгдэх гэнэ.

Gigafactory 3 эхний үедээ долоо хоногт 3,000 ширхэг Model 3 загвар үйлдвэрлэх бол бүрэн хүчин чадлаараа ажиллах үедээ жилд 500,000 хүртэл үйлдвэрлэж гаргадаг болох ажээ.

Одоогоор АНУ-д үйлдвэрлэгдсэн Model 3 Хятадад ирэхдээ 15 хувийн импортын татвар төлж, 499,000 юань ($73,000) орчим үнэтэй болж байгаа.

Харин дотооддоо үйлдвэрлэвэл 300,000 юань болж буурах гэнэ. 300,000-400,000 юаний үнэтэй Тесла нь Хятадын дундаж давхаргынханд боломжийн нөхцөл юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Тесла компани Шанхайн ойролцоох Линаньд 860,000 м.кв газрыг 973 сая юаниар худалдаж авсан байна. Хятад улс саяхнаас эхлэн өөрийнх нь зах зээлд ажиллах компанийн гадаадын хөрөнгө оруулагчийн эзэмшил 50 хувиас хэтрэхгүй байх шаардлагыг цуцалсан. Ингэснээр Тесла компани Хятадын зах зээлд 100 хувь өөрийн эзэмшилтэй ажиллах үйлдвэртэй анхны гадаадын автомашин үйлдвэрлэгч болж байна.

Хятад улс одоо цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээлд тооцогдож байгаа юм. NEV (New Energy Vehicle) төрлийн автомашины борлуулалт 2018 оны эхний 10 сард 860,000 ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75.6 хувь өссөн дүн ажээ.

 

Эх сурвалж: South China Morning Post