Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэлийн дээд шүүхийн шүүгч АНУ руу дүрвэжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро

Венесуэлийн дээд шүүхийн шүүгч асан өнгөрсөн онд болсон сонгуулийн үр дүнд Николас Мадуро ерөнхийлөгчийн суудалд дахин суух болсныг эсэргүүцэн АНУ руу дүрвэжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард болсон сонгуульд Мадуро ялж, дахин ерөнхийлөгчийн албыг хаших болсон билээ. Тэр энэ долоо хоногийн Пүрэв гарагт тангараг өргөж, хоёр дахь бүрэн эрхийнхээ зургаан жилийг эхлүүлнэ.

Шүүгч Кристиан Зерпа өчигдөр буюу Ням гарагт Майамигийн телевизийн сувагт ярихдаа Мадурогийн дэглэм хэрхэн хүний эрх зөрчиж, авлигыг цэцэглүүлж байгааг мөрдөн шалгахад АНУ-ын прокуроруудадтай хамтран ажиллана гэжээ.

“Өнгөрсөн сонгууль шударга бус, чөлөөт өрсөлдөөнгүй болсон тул Мадуро хоёр дахь удаагаа ерөнхийлөгчөөр ажиллах эрхгүй гэж би үзэж байна” гэж Зепра ярьсан байна.

Харин Венесуэлийн дээд шүүх түүнийг ажлын байрандаа эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж байхдаа зугтсан гэж мэдэгджээ.

Өнгөрсөн Баасан гарагт Латин Америкийн 12 орноос бүрддэг Лимагийн бүлэг эдийн засгийн гүн хямралд орсон улс орноо аврахын тулд тангараг өргөлгүй төрийн эрхийг шилжүүлж өгөхийг Мадурод уриалжээ.

Харин Каракасын засгийн газар хариуд нь тус бүлгийг Вашингтоны санаачилсан Венесуэльд төрийн эргэлт зохион байгуулах ажиллагааны хамсаатан гэж нэрлэсэн байна.

 

Эх сурвалж: AFP