Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы тэрбумтан мөнгөөр “зодож” Твиттерийн дээд амжилтыг тогтоов

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны есдүгээр сард Илон Маскийн сансрын аялалын анхны зорчигч болох эрхийг Японы тэрбумтан Юсаку Маезава худалдан авч байв. Тэгвэл тэр өнгөрсөн амралтын өдрүүдээр Твиттер сошиал сүлжээний 13 жилийн түүхэнд байгаагүй олон ретвит (retweet) цуглуулж чаджээ.

Бямба гарагт тэр өөрийнх нь үүсгэн байгуулсан Японы хамгийн том бэлэн хувцасны онлайн дэлгүүр Zozotown-ий борлуулалт маш сайн байсныг зарлаад олсон ашгийнхаа зарим хэсгээр дагагчдаа урамшуулах гэж байгаагаа бичсэн юм.

Ингээд Маезава өөрийнх нь бичсэн постыг цааш хуваалцсан 100 хүнд тус бүр нэг сая иений ($9,200 орчим) шагнал өгөхөө амласан байна. Энэ нь нийтдээ 100 сая иений ($920,000) шагналын сан гэсэн үг юм.

Тэрээр азтай 100 хүнийг нэгдүгээр сарын 7-ны маргааш тодруулан хувийн мессэжээр (Direct Message) харилцаж, шагналыг нь олгоно гэжээ.

Одоогийн байдлаар тэрбумтны постыг хүмүүс дөрвөн сая гаруй удаа хуваалцаж, твиттер сүлжээний дээд амжилтыг тогтоогоод байна. Өмнөх дээд амжилтууд нь гурван сая гаруй ретвиттэй 2017 оны Невадагийн оршин суугч залуугийн тахианы нагетны кампайн, 2014 оны Оскарын үеэр Эллен Деженересийн одуудтай хийсэн сэлфи байгаа юм.

Мөн өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Маезавагийн твиттер хаягийг дагагчийн тоо 500,000-аас 4.8 сая болж огцом нэмэгджээ.

Форбс сэтгүүлийн тодорхойлсноор Маезава нь $3 тэрбумын хөрөнгөөр Японы 18 дахь баянд тооцогддог. Одоо 43 настай тэрбумтан өнгөрсөн онд Илон Маскийн бүтээж буй BFR сансрын хөлгийн анхны аялагчийн тасалбарыг авч дэлхий нийтийн анхаарлын төвд орж байв.

Тэр энэ аялалдаа хэд хэдэн уран бүтээлчийг дагуулж явах төлөвлөгөөтэй байгаагаа задалж байсан юм. Сарыг тойрох аялалаас төрсөн мэдрэмжээ төрөл бүрийн уран бүтээл болгож, хүмүүст хүргэхийн тулд ийм төлөвлөгөө боловсруулснаа Маезава тайлбарлаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian