Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн байгууллагаас охиныг минь амиа хорлосон хэмээн хэргийг хаахаар оролдож байна. Би санал нийлэхгүй"

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Охид, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах “Охидын түүх” ТББ, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

“Охидын түүх” ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан "Талийгаач охины талаар янз бүрийн мэдээллүүд гадуур явж байгаа учраас ар гэрийнхнийх нь зүгээс бодитой мэдээллийг өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна.

Хүмүүс янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Тухайлбал, Боловсрол телевиз, MNTM нэвтрүүлгийн шүүгч нар, цагдаагийн байгууллага гээд тал талаас өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрэг гарсан өдөр талийгаач 10 цагт гэрээсээ гараад 16 цагт нас барсан байдалтай олдсон байдаг. Хэргийн талаар охины лифтэнд сууж байгаагаас өөр нотлох баримт байхгүй. Маш бүрхэг байдлаар амиа алдсан хэрэг юм. Боловсрол телевизийн, шүүгч нарын мэдэгдлийг бидний зүгээс тусгайлан авч үзээд дараа нь мэдэгдэл гаргах болно" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн талийгаачийн ээж Г.Чимгээ "Охины минь хэргийг хаах гэж үзсэн цагдаа, төрийн байгууллагынханд гомдолтой байгаа. Хэргийг хаалгахгүйн тулд өмгөөлөгч нар болон ТББ-ууд маш их туслалцаа үзүүлсэн. Цагдаагийн байгууллагын зүгээс охиныг минь амиа хорлосон хэмээн үзэж, хэргийг хаахаар оролдож байна. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа.

Яаж ч бодсон 20 см хэмжээтэй цонхоор хүн багтахгүй биз дээ. Гэтэл охиныг минь амиа хорлосон болгож гүтгэж байна. Дээрээс нь ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагч нар охиныг минь судлаад, ухаж төнхөөд өөрийг нь хэрэгтэн болгох гэж байна. Хэрэгтэнг олохыг хүсэхгүй, хохирогч талд ажиллахгүй байна.

Мөн MNTM нэвтрүүлгийн оролцогч Одонтунгалагийн ээж яагаад маанийн ерөөлөө тайлбарлахгүй байгаа юм. Яагаад гарч ирэхгүй байна. Одонтунгалаг миний охиныг дарамталж байсан тухай охин минь надад хэлж байсан. Би охиндоо итгэдэг. Охин минь дуугай хүн байгаагүй. Шударга, хэлье гэсэн зүйлээ шууд хэлдэг хүүхэд байсан. Эрүүл чийрэг биетэй. Гэтэл цагдаагийнхан хар тамхитай холбох гэж үзэж байна.

Анх 16 настай байхдаа Нэмэхбаяртай үерхсэн. Одоог хүртэл үерхсэн хэвээр байсан. Гэтэл тэр хүүхэд хаачив. Холбоогүй алга болсон. 49 хоногоор нь зул ч бариагүй хүн. Би гарцаагүй хэрэгтэн гэж сэжиглэж байгаа. Гэтэл цагдаагийн байгууллага тэр хүнийг хэрэгт ямар ч холбоогүй гэж үзэж байгаа юм бэ.
Би шүүх эмнэлэгт ч гэсэн гомдолтой байна. Би тэр 10 давхрын цонхоор чихээд, унаад тэгж унасан хүн ямар гэмтэл авахыг өөрөө харуулъя. Миний охины футболкыг сольсон байсан. Улаан цайм гүтгэж байна. Миний охин архи уудаггүй, тамхи татдаггүй хүүхэд. Би шүүх шинжилгээнд итгэхгүй байна. Би Одонтунгалаг, Нэмэхбаяр хоёроос охиныхоо амийг нэхнэ" хэмээн ярив.

Мөн талийгаачийн үеэл дүү А.Лхамноржин "Миний эгч хүмүүжил төлөвшилтэй, ээж эмээгийнхээ гар дээр өссөн хүн. Би эгчтэйгээ хар багаасаа хамт өссөн. Миний эгч дээд боловсролтой, шулуун шударга зантай зарчимч хүн байсан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр миний эгчийг хар тамхи татдаг, согтууруулах ундаа хэрэглэдэг, биеэ үнэлдэг, хүмүүжлийн доголдолтой хэмээн гүтгэн доромжилж байна.

Би эгчтэйгээ хамт чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлдэг байсан. Бид хамтдаа спортоор хичээллэдэг байсан" гэлээ.

Энэ хэргийг өмгөөлнө хэмээн хоёр сая төгрөгийн төлбөр авсан Ганбат, Тамир гэх өмгөөлөгчдийг хэрэг дээр огт ажиллаагүй хэмээн үзэж байгаа ар гэрийнхэн болон "Охидын түүх" ТББ-ын зүгээс тэднийг өмгөөллийн төлбөрийг буцааж өгөхийг шаардлаа.

Тус мөнгөөр амиа алдсан охидын гэгээн дурсгалыг хүндэтгэн суварга босгоно гэв.

Талийгаачийн ээжийн хувьд сэтгэл санааны хямралд орсон хүнд байдалтай байгаа учраас сэтгүүлчдийн асуултад хариулахгүй хэмээгээд хэвлэлийн хурлаа дуусгалаа.