Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Саудын Арабын эмэгтэйчүүд “нөхөртөө хаягдсан”-аа мэдэх эрхтэй болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагаас эхлэн хэрэгжиж байгаа шинэ хуулийн дагуу Саудын Арабын эмэгтэйчүүд нөхөр нь гэр бүлээ шүүхээр салгасныг мэдэх боломжтой болжээ.

Ингэснээр гэр бүл салснаа мэдэлгүй явах, эрхээ хамгаалж чадахгүй байх, хүүхдийн тэтгэвэр авч чадахгүй байх зэрэг явдлаас сэргийлэх боломжтой болж байгаа гэнэ.

“Саудын шүүх эхнэрт нь гэр бүл салсныг мессэжээр мэдэгддэг болсноор эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж байгаа юм” гэж тус улсын хууль зүйн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Үүнээс гадна эмэгтэйчүүд гэрлэлтийн статусаа тус яамны вэбсайтаас харах, шүүхээс гэр бүл салгах шийдвэрийн хуулбарыг олж авах боломжтой болж байна.

Арабын ихэнх орнуудад гэр бүл салгах асуудлыг зөвхөн эрчүүд нь шийдэж, эмэгтэйчүүд нь мэдэх эрхгүй байдаг гэнэ.

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман шашны хуучинсаг дэглэмтэй улс орондоо эмэгтэйчүүдийн эрхийг хангах алхмыг шат дараатай хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн онд энэ улсын бүсгүйчүүд анх удаа автомашин жолоодох эрхтэй болсон бол бас спортын заал, стадионд эрчүүдтэй зэрэгцэн сууж, тэмцээн үзэх эрхтэй болсон юм.

Нөхөр нь гэр бүл салгасныг мэдэх боломжтой болсон нь бага ч гэсэн чухал алхам гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна. Ингэснээр цаашлаад бусад эрхийн асуудлуудыг ярих боломжтой болж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters