Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы компанийн өмчийг хураасан Өмнөд Солонгосын үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авахыг Шинзо Абэ даалгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы ган үйлдвэрлэгч компанийн өөрийн газар нутаг дахь өмчийг битүүмжлэх ажиллагааг Өмнөд Солонгосын хуулийнхан өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.

Дайны үед Өмнөд Солонгосын иргэдийг боолчилж байсны төлөө нөхөн олговор төлүүлэх шийдвэр шүүхээс гаргасныг хэрэгжүүлэхээс татгалзсан Nippon Steel & Sumitomo Metal Corp компанийн өмч хөрөнгийг хурааж, битүүмжилсэн нь энэ юм. Уг явдлын дараа Японы гадаад хэргийн сайд Таро Коно Японы компаниудад ялгавартай хандахгүй байхыг Сөүлийн эрх баригчдад уриалж байжээ.

Тэгвэл Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр телевизээр ярихдаа “Энэ бол тун их харамсалтай явдал. Холбогдох яамдыг олон улсын хууль эрх зүйн хүрээнд хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг би даалгасан. Ингэхдээ өөрийн хатуу байр суурийг харуулах ёстой” гэж ярьсан байна.

Өмнөд Солонгосын дээд шүүх өнгөрсөн оны аравдугаар сард өөрийн улсын дөрвөн иргэнд дайны үеэр боолчилж байсны төлөө Японы ган үйлдвэрлэгчээр нөхөн олговор төлүүлэх шийдвэр гаргасан юм. Харин Япон улс дайны нөхөн төлбөрийн асуудлууд 1965 онд хоёр улсын хооронд байгуулсан гэрээгээр эцэслэн шийдэгдсэн тул дахин хөндөх бодолгүй гэсэн хатуу байр суурь илэрхийлж байна.

Өнгөрсөн хугацаанд Японы бас нэг компани Mitsubishi Heavy Industries-аар иргэдэдээ нөхөн олговор төлүүлэх шийдвэрийг Өмнөд Солонгосын шүүх гаргаад байгаа юм.

 

Эх сурвалж: Kyodo News