Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Гэрэлтуяа: Хүн бүр сахар, холестерин, даралтаа мэддэг байх хэрэгтэй

Б.Номин, Үндэсний шуудан
2019 оны 1 сарын 7
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч, Ч.Гэрэлтуяатай ярилцлаа.

-Зүрх судасны өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгааг анхааруулж байна. Тэр дундаа өвчлөл залуужиж байгаад анхаарах ёстой болов уу?

-Зүрх судасны эмгэгийн сүүлийн таван жилийн статистикаас харахад манай улсад нийт өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны нэг болоод байна. 2007 онд 10 мянган хүн амд 1,145 байсан бол 2017 онд 1.8 дахин нэмэгдсэн. Мөн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа. Гурван нас баралт тутмын нэг нь зүрх судасны өвчнөөс шалтгаалж байна. Мөн зүрх судасны өвчин тэр дундаа зүрхний ишемийн өвчин илт залуужиж байна.

60-аас дээш насныханд тохиолддог өвчин гэж ярьдаг байсан бол 45-аас дээш, 50-60 насныхан зүрх судасны тогтолцоо, титэм судасны эмгэгээр өвчлөх нь жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ нь орчны нөлөө, хэрэглэж байгаа хоол, хувь хүний амьдралын хэв маяг, өөрчлөлтүүдтэй холбоотойгоор нэмэгдэж байна. Ер нь 45-аас доош насанд зүрхний ишемийн өвчин тохиолдох нь ховор гэж үздэг.

Гэтэл ховор ч цөөнгүй тохиолдол илэрч байгаа. Удмын тохиолдол, хавсарсан эмгэгүүдээс үүдэн залуу насанд илэрч болох ч эдгээр эрсдэл байхгүй хэр нь залуу насанд илэрч байгаа нь харамсалтай. Эмгэг үүсгэгч гол шалтгаан нь тамхидалт болж байна. Саяхан гэхэд 24-26 насны гурван хүн зүрхний шигдээсийн оноштой ирж эмчлүүлсэн. Өнгөрсөн онд 30-40 настай хүмүүс цөөнгүй эмчлүүлсэн.

Ид хийж бүтээх залуу насандаа өвчилж байгаа нь үнэхээр харамсмаар. Мөн зүрхний шигдээс боллоо гэхэд хоёр цагийн дотор тусламж үйлчилгээ авбал бүрэн эдгэх боломжтой байдаг. Түүнээс хойш зүрхэнд хүчлийн голомт үүсэж, эргэшгүй өөрчлөлтүүд бий болон, зүрхний дутагдал зэрэг өөр бусад хүндрэлүүд гардаг. Үүнийг дагаад хөдөлмөрийн чадвараа тодорхой хувиар алдана гэсэн үг. Гэтэл ихэнх тохиолдлууд хожимдож ирж байна.

Алслагдсан байдал, тээвэрлэлттэй холбоотой гэж үзэж болох ч ард иргэд цаг алдаж эмнэлэгт ханддаг нь үүнд нөлөөлж байна. Ер нь зүрхний шигдээс цээжний маш хүчтэй өвдөлтөөр илэрдэг ч энэ их өвдөлтийг яаж тэсэж байсан юм бол гэмээр хугацаа алдаж ирдэг.

-Зүрхний ишемийн өвчин гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Зүрхний ишемийн өвчин гэдэг нь титэм судасны нарийсал, хатууралтай холбоотой цусан хангамж дутагдсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл, зүрхийг тэжээж байгаа судасны нарийслаас цусан хангамжид дутагдал бий болж байна гэсэн үг. Гол шалтгаан нь судсанд өөхөн товруу үүсэж, судас хатуурдаг. Шалтгаан нь даралт ихсэлт, тамхидалт, өөх тосны солилцооны хямралууд, чихрийн шижин болдог.

-Ер нь зүрх, судасны өвчин үүсэхэд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс нь юу юм бол?

-Нэгдүгээрт, тамхидалт байна. Хоёрдугаарт, даралт ихсэлт. Ер нь өвчлөл үүсгэж байгаа хүчин зүйлс нь хянаж болох эрсдэлүүд байгаа юм. Даралт ихсэлтийг гэхэд хэмжээнд бариад, хянах боломжтой. Тамхийг хаях, жингийн илүүдэл, өөх тосны солилцооны хямралуудыг хянах боломжтой боловч өвчтөнүүд хянах нь байтугай байх ёстой хэмжээгээ мэдэхгүй явж байдаг. Энэ нь гол шалтгаан болж байна. Бас өөр бусад хавсарсан эмгэгүүд байж болно.

-Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухайд?

-Ер нь зүрх судасны өвчтэй болно гэхээс илүү бага насны хүүхдүүдээсээ эхэлж сэрэмжлэх хэрэгтэй. Зарим улс оронд бол хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь хэр эрсдэлтэй байгааг магадалж, тэр үеэс нь анхаарч эхэлдэг. Дэлхийн зүрх судасны нийгэмлэгүүд, Америк, Европын нийгэмлэгүүд зөвлөмж Таргасан байдаг. Үүнд удмын түүхтэй бол хүүхдийг ойр ойрхон хяналтад хамруулах, багаас нь хүүхдийн жинг хянах, идэвхтэй хөдөлгөөнтэй спортоор хичээллүүлж байх ёстой зэрэг улс бүрийн бодлого бий.

Ихэнх зөвлөмжид 20-иос дээш насанд хүн бүр даралтаа хэмжүүлсэн, өөр өөрийн эрсдэлүүдээ тодорхойлсон байх ёстой гэж үздэг. Тухайн хүний даралт хэвийн бол хоёр жил тутамд заавал үзүүлж байх ёстой. Эхний удаа үзэхэд хэвийн байсан бол дандаа хэвийн байна гэж байхгүй. Настай холбоотойгоор жил бүр даралт нэмэгдэж байдаг учир тодорхой төвшинд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх ёстой.

Зүрх судасны нийгэмлэгийн зөвлөмжийг дагаж хүн бүр өөрийн эрсдэлээ тодорхойлж, ямар эрсдэлтэйгээ мэдэж байвал урьдчилан сэргийлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, сахар, холестерин, даралтаа мэддэг байх хэрэгтэй.

-Мөн дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх шаардлагатай болов уу ?

-Дэлхийн зүрхний өдөр жил бүрийн есдүгээр сарын 29-нд болдог. Өнгөрсөн жил уг өдрийг ШУГТЭ-ийн санаачилгаар "Эрүүл зүрхний төлөө хамтдаа” гэсэн уриан дор зохион байгуулсан. Уг арга хэмжээний үеэр урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг нэлээд хийсэн. Гол нь бусад дүүрэг, хөдөө орон нутгийн эмч нартайгаа хамтарч ергөн хүрээнд зохион байгуулсан байгаа.

Үүнд хооллолт, хөдөлгөөн, тамхины талаарх мэдээллийг түлхүү өгсөн. Тухайлбал, эрүүл хөдөлгөөн гэж юу вэ гэхэд зөвхөн зааланд очиж, гүйлтийн зам даар гүйх, төмөр өргөхөөр хязгаарлагдахгүй. Хүн бүр цаг заваа зохицуулж чадахгүй учир дугуй унаж ажилдаа яв, автобусаар явахдаа нэг хоёр буудал алхаж бай, ууланд алхах, хүүхдүүдтэйгээ гадаа тоглох зэрэг нь идэвхтэй хөдөлгөөн болно. Ерөнхийдөө хувь хүн хөдөлгөөнөө нэмэгдүүлэхэд анхаарах ёстой болж байгаа юм.

-Өвчин дахих, сэдрэх тохиолдол хэр их байдаг вэ?

-Нөгөө л эрсдэлээ бууруулах асуудал яригдана. Зөвхөн мэс засал хийгээд, эмээр эмчлээд асуудал шийдэгдэхгүй. Үндсэн шалтгаан болсон эрсдэлүүдээ байнга хянаж байх ёстой. Нэгэнт өвчилсөн бол хоёрдогч урьдчилан сэргийлэлт яригдана. Тиймээс эмийн эмчилгээнээс гадна дэглэм, бусад эрсдэлүүдийн хяналтыг байнга хийж байх ёстой. Хяналтыг бусад шатлалын зүрх судас, дотрын эмч нар хийдэг.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл ажиглагдах болсон. Үүнийг дагаад зүрх судасны өвчлөл үүсэх магадлал өндөр байх уу?

-Хоол тэжээлтэй холбоотой таргалалт, удмын шалтгаантай таргалалт байж болно. Энэ бүхний ард өөх тосны солилцооны хямралууд явагдаж байдаг. Тиймээс жингийн илүүдэлтэй бол ирээдүйд зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг учир бага наснаас нь эхэлж анхаарах ёстой.

-Танай эмнэлгийн хувьд Зүрх судасны төв гэдэг утгаараа ачаалал нэлээд байдаг болов уу?

-Гуравдугаар шатлалын эмнэлэг болохоор 21 аймаг, есөн дүүргээс зүрх судасны эмгэгтэй холбоотой асуудал шийдвэрлүүлэх, онош тодруулах өвчтөнүүдийг манай эмнэлэг рүү илгээдэг. Манай Зүрхний шигдээсийн тасаг анх байгуулагдаад жилдээ 500-600 орчим зүрхний шигдээстэй хүнд үйлчилж байсан бол өнгөрсөн жил 1,500 болсон байх жишээтэй.

Хэдийгээр оношилгоо, эмчилгээ сайжирч байгаатай холбоотой ч нөгөө талдаа өвчлөл нэмэгдэж байгааг харуулж байна. Өвчлөлийн хувьд зүрхний дутагдал, хавхлаганы эмгэгүүд, зүрхний шигдээс зэрэг тээвэрлэж болох бүх өвчтөнүүд манай эмнэлгээс үйлчилгээ авдаг. Үүнийгээ дагаад ачаалал өндөр. 20 ор байдгаас эмчлүүлэгчид маш түргэн оношлуулж, үндсэн ажилбарынхаа асуудлыг дөнгөж шийдээд эмнэлгээс гарах тухай яригддаг. Тиймээс бусад тасаг, дүүрэг, хөдөө орон нутгийн эмнэлгүүдтэйгээ байнга хамтарч ажиллаж байна.

Зураг