Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын тэнгисийн флот цахилгаан соронзон зэвсэгтэй болж байгааг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хятадын судалгааны станц сарны цаад талд буусан мэдээ дэлхий нийтийн анхаарлын төвд байсан. Энэ үед бас нэг чухал мэдээ гарсан нь дээрх мэдээтэй давхцаж, сүүдэрт нь дарагдаад өнгөрсөн байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Хятадын төрийн өмчийн Глобал Таймс сонинд мэдээлэхдээ тус улсын тэнгисийн флот удахгүй цоо шинэ цахилгаан соронзон зэвсгээр тоноглогдох гэж байгааг өгүүлсэн юм.

Шинэ зэвсэгт ашигласан технологи нь аль нэг улс орноос хуулаагүй, цэвэр өөрийнх нь оюуны өмч болохыг мөн мэдээлжээ.

Цахилгаан соронзон хүчээр бууддаг энэ зэвсэг 200 км хүртэл зайнд дууны хурдаас 7.5 дахин хурдтай сум харвадаг байна. Ийм зэвсгийн сумыг ямар нэг тэсрэх бодисоор цэнэглэх шаардлагагүй. Учир нь маш өндөр хурдтай тул дангаараа хөнөөх чадвартай. Тиймээс зардал багатай болдог байна.

АНУ-ын арми одоогоор газраас буудах төрлийн ийм зэвсэг туршиж байгаа. Ирээдүйд армийн зэвсэглэлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Харин Хятад улс цахилгаан соронзон зэвсгийг тэнгисийн хөлөг онгоцнуудадаа суулгасан анхны улс болох гэж байна.

Уг мэдээллийг цацагдахаас долоо хоногийн өмнө цахилгаан соронзон зэвсгээр тоноглогдсон байж болзошгүй байлдааны хөлөг тэнгист явж байгаа тухай мэдээ сошиал сүлжээнд тарж байжээ.

АНУ-ын армийн Номхон Далайн флотод тагнуулын албаны захирлаар ажиллаж байсан Карл Шустер “хэрвээ Хятад улс ийм зэвсгийг одоо тэнгист туршиж байгаа бол армийн зэвсэглэлд нэвтрэхэд 1-2 жилийн хугацаа байгаа гэсэн үг” гэж CNN сувагт ярьсан байна. Тэрээр бас цахилгаан соронзон зэвсгийг Хятад улс 100 хувь өөрийн технологиор бүтээсэн нь тус улсын зэвсгийн технологи АНУ болон өрнөдийн орнуудын түвшинд цаад тал нь 10-15 жил ойртож ирээд байгааг харуулж байна гэжээ.

 

Эх сурвалж: Quartz