Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тесла компани Хятадаас авдаг автомашины компьютерыг татвараас чөлөөлж өгөхийг АНУ-ын засгийн газраас хүсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Model 3 загварын машиндаа суулгадаг, Хятадад үйлдвэрлэсэн  компьютерыг 25 хувийн татвараас чөлөөлж өгөхийг Тесла компани Дональд Трампын засаг захиргаанаас хүсжээ.

Өнгөрсөн оны наймдугаар сард Вашингтон Хятадын $16 тэрбумын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын татвар онооход үүнд нь Теслагийн автомашинд ордог эд анги багтсан юм байна.

Машины “тархи” гэгддэг энэхүү чухал эд ангийг Хятадаас өндөр татвартай АНУ-д оруулж ирвэл Тесла компанийн зардал нэмэгдэж, ашиг орлогод нь сөргөөр нөлөөлнө гэж тайлбарлажээ.

Өмнө нь бас General Motors компани АНУ-ын зүгээс Хятадын эсрэг явуулж буй худалдааны дайн үйл ажиллагаанд нь сөргөөг нөлөөлөхийг засгийн газартаа анхааруулж байсан юм.

Хятадаас худалдаж авсан компьютерыг Тесла компани Калифорний Фремонт дахь үйлдвэртээ Model 3 загварын автомашинуудад угсардаг юм байна.

Тесла компани уг эд ангийг шаардлагын дагуу, заасан хугацаанд, олон тоогоор үйлдвэрлэх чадвартай өөр нийлүүлэгч олох боломжгүй тул компанийн өсөлтөд шууд муугаар нөлөөлнө гэж засгийн газарт илгээсэн захидалдаа учирлажээ.

Хятадын нийлүүлэгчийн нэрийг дурдаагүй бөгөөд өөр компани машины компьютерыг нь шинээр үйлдвэрлэж эхлэхийн тулд доод тал нь 18 сарын хугацаа шаардагдана гэдгийг мөн хэлсэн байна.

Ингэж чадсан ч шинэ үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн чанарын шаардлага хангах магадлал бага, ингэснээр автомашины чанар, найдвартай ажиллагаанд нөлөөлнө гэж бичжээ.

Трампын засаг захиргаа одоогоор Хятадын $50 тэрбумын дүнтэй бараанд 25 хуийн импортын татвар, дахин $200 тэрбумын бараанд 10 хувийн татвар оноогоод байна. 

Ирэх долоо хоногт АНУ-ын худалдааны төлөөлөгчид Бээжинд Хятадын талтай хэлэлцээр хийх гэж байгаа юм. Талууд энэ оны гуравдугаар сарын 1-нээс өмнө маргаанаа шийдвэрлэж, харилцаагаа хэвийн болгох зорилт тавиад байна.

 

Эх сурвалж: Reuters