Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Конгын сонгуулийн дараа АНУ цөөн тооны цэргээ Африкт илгээлээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Ардчилсан Конгын БНУ-д болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа үүсэж болзошгүй хүчирхийллээс иргэдээ хамгаалахын тулд Африкийн Габон улс руу цөөн тооны цэргээ илгээснийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп саяхан мэдэгджээ.

Конгрессийн дарга нарт илгээсэн захидалдаа тэр АНУ-ын зэвсэгт хүчний 80 орчим алба хаагч Лхагва гарагт Габонд буусныг мэдэгдсэн байна. Цэргүүдийн зорилго нь шаардлагатай тохиолдолд Конгын нийслэл Киншаса хот дахь дипломат төлөөлөгчид болон АНУ-ын бусад иргэдийг хамгаалах гэнэ.

 

Ардчилсан Конгын БНУ-д нөхцөл байдал тогтворжих хүртэл цэргүүд Габонд байрлахаар болжээ. Бас хэрэгтэй бол нэмж цэрэг илгээнэ гэдгийг Трамп мэдэгдсэн байна.

Конгын сонгуулийн хороо сонгуулийн урьдчилсан үр дүнг Ням гарагт зарлах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч орон нутгийн тойргуудын санал хураалтын дүнг ирүүлэх явц удаашралтай байгаа тул хойшилж магадгүй байна.

Ажиглагчид болон сөрөг хүчнийхэн сонгуулийн санал хураалтыг маш их будлиантай болсныг баталж байгаа юм. Харин Конгын засгийн газар сонгуулийг шударга болсон гэж дүгнэж байна.

Одоогийн ерөнхийлөгч Жозеф Кабила үндсэн хуулийн дагуу дахин нэр дэвших боломжгүй болсон тул өөрийн шадар хүн Эммануэл Рамазани Шадариг залгамжлагчаа болгохын тулд бүх талаар дэмжиж байгаа юм.

Конго улс 2006, 2011 оны сонгуулиудын дараа иргэний дайны нөхцөл байдалд шилжиж байсан тул энэ удаа дахин хүчирхийлэл дэгдэхээс олон улсын хамтын нийгэмлэг болгоомжилж байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын төрийн департмент санал хураалтын дүнг үнэн зөв тоолж гаргахыг Конгын сонгуулийн хороонд уриалж, ажиллагаанд саад хийсэн болон тогтворгүй байдал үүсгэхэд нөлөөлсөн этгээдүүдийг хар жагсаалтад оруулна хэмээн анхааруулжээ.

 

Эх сурвалж: Reuters