Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн байгууллагыг бүлэг дээрэмчидтэй зүйрлэсэн Казахстаны албан тушаалтныг ажлаас нь халжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Казахстаны цагдаагийн академийн захирал, генерал Жан Кенжетаевыг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг тус улсын дотоод хэргийн яам гаргажээ.

Караганда хотын цагдаагийн академийн нэг орлогч захирал болох А.Р.Тастайбеков өнгөрсөн шинэ жилийн баяраар сонсогчдын өмнө үг хэлэхдээ Казахстаны цагдаа нарыг гэмт хэргийн бүлэглэлтэй зүйрлэн ярьж байгаа дүрс бичлэг сошиал сүлжээнд тарснаас болж ийм шийдвэр гарсан байна.

Тастайбековыг мөн ажлаас нь халах шийдвэрийг хоёр хоногийн өмнө гаргаад байсан юм.

Арванхоёрдугаар сарын 31-нд тарсан уг видео бичлэг дээр Тастайбеков Казахстаны цагдаагийн албан хаагчдын төлөө ерөөл хэлэхдээ 1990-ээд оны Оросын цуврал кино “Бандитский Петербург”-ийн нэг баатар, гэмт хэргийн бүлгийн толгойлогч Антибиотикийн үгийг эш татжээ.

Тэр “Бид нөхөрлөлийнхөө төлөө амиа өгөхөд ч бэлэн. Бид братва (дээрэмчдийг нэрлэдэг үг) тул бие биеийнхээ төлөө хариу нэхэлгүй тэмцдэг” гэх зэргээр ярьсан байна.

Эцэст нь тэр “Казахстан улс, бидний гэр бүл мандтугай! Ура нөхдөө!” гэж хэлжээ. Үүний дараа цагдаагийн дүрэмт хувцастай олон эрчүүд уухайлж байгаа нь бичлэгт үлдсэн байна.

Пүрэв гарагт Тастайбековыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарсан ч иргэд үүнээс илүү хатуу арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж байсан юм. Тиймээс маргааш нь цагдаагийн академийн захирлыг бас ажлаас нь чөлөөлжээ.

Тастайбековыг огцруулсан шалтгаанаа “төрийн албаны нэр хүндийг гутаан доромжилсон” гэж дотоод хэргийн яам тайлбарласан байна.

 

Эх сурвалж: Kazinform