Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн шинэ ерөнхийлөгч хадгаламжиндаа $23,000-тай

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орсон Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор (АМЛО гэж товчилдог) анх удаа хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнажээ.

Тэрээр хадгаламжиндаа $23,000 орчимтой тэнцэх мөнгөтэй, Мехико хотын энгийн орон сууцанд эхнэрийн хамт амьдардаг гэнэ.

65 настай АМЛО “Би хэзээ ч мөнгөнд шунаж байгаагүй. Би идеалист зарчимтай хүн” гэж сэтгүүлчдэд мэдэгджээ.

Мексикийн өмнөд Чиапас мужид байдаг, эцэг эхээсээ өвлөж авсан 1.2 гектар талбайтай эдлэнгээ дөрвөн хүүгийнхээ нэр дээр шилжүүлснийг тэр тайлбарласан байна.

АМЛО бас өөрийн цалинг жилийн $65,000 орчим болгож бууруулах санаачилга гаргасан нь өмнөх ерөнхийлөгчийн авч байсан цалингийн талд хүрэхгүй хэмжээтэй юм.

Харьцуулбал ерөнхийлөгчийн эхнэр зохиолч, судлаач Беатриз Гутеррез Мюллер жилд $72,000-ыг олдог гэнэ. АМЛО тангараг өргөхөөсөө өмнө Мексикийн ерөнхийлөгчийн хөлөглөдөг нисэх онгоцыг зарах тухай амлалтыг ард иргэдэдээ өгсөн. Тэр улс орон дотор зорчихдоо Volkswagen Jetta суудлын машин хөлөглөж, гадаад оронд айлчлахдаа нийтийн тээврийн нисэх онгоц ашиглах юм.

АМЛО өчигдөр бас өөрт нь зээлийн карт огт байхгүй, банкны дансаа шалгалгүй олон жил болж байгааг мэдэгджээ. Тэр бас сэтгүүлчдэд хэтэвчээ дэлгэн үзүүлсэн байна. АНУ-д амьдардаг мексик хүний амжилт, аз билэгдэж бэлэглэсэн $2-ын дэвсгэрт, бас 200 песогоос өөр бэлэн мөнгө түүний хэтэвчинд байгаагүй юм.

АМЛО өмнөх удирдагчдын хэв маягаас эрс өөр аргаар ажиллаж сонгогчдын итгэлийг олж авахаар ажиллаж байна. Мексикийн өмнөх ерөнхийлөгч Энрик Пена Нието олон тооны авлигын дуулианд нэр холбогдож байв.

Саяхан Мексикийн парламент дахь АМЛО-гийн дэмжигчид түүний жишгийг дагаж төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг ерөнхийлөгчийнхөөс өндөр байхыг хориглосон хууль батлаад байна. Гэвч сардаа $14,000 орчим цалинтай, өөр бусад олон хангамж эдэлдэг дээд шүүхийн гишүүд энэ хуульд хориг тавиад байгаа юм.

Мөн төрийн албан хаагчид энэ хуулийг эсэргүүцэж эхлээд байна. Цалингаа хасуулах шийдвэр хүлээж авсан 15,000 орчим албан хаагч энэ тэмцэлд нэгдээд байгаа юм. Тэд цалинг хасахаас өөр төсвийн зардлыг бууруулах олон арга зам байгаа гэж үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian