Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Нурсан орон сууцнаас 24 хүнийг амьд гаргасны дараа аврах ажиллагааг зогсоожээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн оны сүүлчийн өдөр ОХУ-ын Уралын Магнитогорск хотын орон сууцны нэг орц бүхэлдээ нурсан аймшигт осол гарсан билээ.

Карл Марксын гудамжинд байрладаг 12 давхар угсармал орон сууцны долдугаар орц дэлбэрэлтийн улмаас нурсан юм.

Өглөөний 6:00 цагийн орчим болсон дэлбэрэлтийг ахуйн хэрэглээний хий алдагдсанаас болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа. Аврах ажиллагааг дөрвөн хоног явуулсны эцэст Пүрэв гарагт зогсоожээ.

Энэ хугацаанд нуралтын улмаас 39 хүний амь үрэгдсэнийг тогтоож, 24 хүнийг нурангинаас аварсан байна. Амьд үлдэгсдийн дотор 35 цагийн турш нурангин дор байсан 11 сартай Ваня Фокин хүү багтаж байгаа юм.

Хүүгийн эх бас амьд гарсан байна.

Мөн муур, нохой зэрэг оршин суугчдын гэрийн тэжээвэр амьтдыг нурангин дороос гаргажээ.

Орон гэргүй болсон хүмүүст санхүүгийн тусламж үзүүлэхээр болсныг ОХУ-ын эрх баригчид мэдэгдээд байна. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нэг сая рублийн ($14,700) тусламж үзүүлж, оршуулгын зардалд зориулж тус бүр $450 орчмыг гаргахаар болжээ.

Хүнд гэмтэж бэртсэн иргэд $6,000 орчмыг авах бол хөнгөн гэмтэгсэд үүний талтай тэнцэх мөнгөн тусламж авахаар болсон байна. Орон гэрээ алдагсад байрны талбайгаасаа хамаараад $7,500 хүртэл мөнгөн тусламж авахаар болжээ. Хотын захиргаа тэдэнд амьдрах байр олж өгөх тухай амласан гэнэ.

Харин тус орцонд байр түрээслэн амьдарч байсан иргэдэд $730-тай тэнцэх мөнгөн тусламж нэг удаа олгохоор болжээ.

Ослын шалтгааныг тогтоох мөрдлөгийн ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty